Хүн ам, өрхийн мэдээллийн санг шинэчлэх ажил Говь-Алтай аймагт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-15 16:16:30
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Хүн ам, өрхийн мэдээллийн санг шинэчлэх, боловсронгуй болгох, статистикийн түүвэр судалгаанд ашиглагдах өрхийн суурь мэдээллийг сайжруулах ажлын хүрээнд хүн ам өрхийн мэдээллийн сангийн шинэчлэлийн аяныг улсын хэмжээнд наймдугаар сарын 10-ны өдрөөс зохион байгуулж эхэлсэн билээ. Уг ажлыг Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсээс наймдугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлэн үүний хүрээнд хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийг хэвлэн тус аймгийн 18 сум хүргүүлээд байна. 
Энэхүү ажил хоёр сарын турш үргэлжлэх ба сум бүрийн багийн Засаг дарга өрх бүрээрээ орж, уг дэвтрийн дагуу мэдээлэл цуглуулан шинэчлэлт өөрчлөлтийг программд оруулах ажээ. Иймд сумдын удирдлагууд болон багийн Засаг дарга, ард иргэдийг уг ажилд идэвх санаачилгатай оролцож өрхийн болон өрхийн гишүүдийн мэдээллийг үнэн зөв өгөхийг тус аймгийн Статистикийн хэлтсээс уриалав. 
Хүн ам, өрхийн бүртгэлийн нэгдсэн сан бүрдснээр төрийн бүх байгууллагуудад шаардлагатай мэдээллийн сан үүсч иргэн өөрийн тухай болон өрхийн талаарх тодорхойлолтоо олон шат дамжлага, цаг хугацаа зарцуулж авах шаардлагагүй. Жишээ нь: Орон сууцны зээл авахад шаардагдах хүний тухай мэдээллийг энэ сангаас шууд авах боломж бүрдэх ач холбогдолтой юм.   
 
Э.Нарангэрэл
 
Related news