Уул уурхайн төлөвлөлтөд малчид өөрсдөө оролцдог боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-08-17 13:03:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн Байгаль хамгаалах сан (WWF)-гаас “Уул уурхайн шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг Хэнтий аймгийн Батширээт, Биндэр болон Увс аймгийн Бөхмөрөн суманд хэрэгжүүлээд байна.

Өнөөдөр нийслэл хотноо "Туушин" зочид буудалд болсон төслийн танилцуулах уулзалт дээр Европын холбооны 300 мянга гаруй еврогийн санхүүжилтээр 2 жил хэрэгжүүлсэн дээрх төслийн зорилгыг:
  • Уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдийг мэдээллээр хангах,
  • Уул уурхайн компаниудын хийж буй байгаль орчны нөлөөллийн үнэлгээнээс эхлээд уул уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд олон нийтийн олон талын оролцоог хангаж нэмэгдүүлэх,
  • Улмаар мал сүрэгт таатай орчин бүрдүүлж байгаль орчныг хамгаалахад оршиж буйг төслийн мэргэжилтэн Д.Эрдэнэ онцолж байв.

Төсөл хэрэгжсэн Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Ганболдтой уулзаж тодруулав.
-Төслийн хүрээнд танай сумыг яагаад сонгосон бэ?
-Манай сумын нутагт нүүрсний 3 уурхай ажилладаг. Хар алт гээд нэг багийн нутаг дэвсгэрт ажиллаж байна. Мөн нөөц ихтэй болохоор хайгуулын лицензтэй хэд хэдэн компани бас байдаг. Нэг сумын нутагт дэвсгэрт, бүр нэг баг дээр ийм 2-3 уурхай байх нь эдийн засгийн хувьд хэр үр ашигтай юм, байх нь ер нь зөв үү гэсэн асуудлын үүднээс дээрх төслийн хүрээнд манай сумыг сонгосон байх. Энд малчдын эрх ашгийг яах аргагүй хөндөж олон талаар шууд хамаарч нөлөөлөхөөр байгаа юм. Тиймээс аймгийн зүгээс энэ тал дээр анхаарч энэ төсөлд сумын төлөөлөл, иргэдийг хамруулж сургалт явуулж мэдээллээр хангах, хөндлөнгийн хяналт хийлгэх зэргээр аймаг ч тэр, сумын бид төслийн хүрээнд уурхайнуудтай хамтарч ажиллаж байна.
-Төслийн шугмаар мэдээллээр хангахаас гадна малчдад ямар үр дүн бүхий нөлөөтэй байна вэ?
-Уул уурхайн талаар ямар ч ойлголт байхгүй байсан малчид тухайн уурхайн Уулын ажлын төлөвлөгөө зэрэгтэй танилцаад ирэхээр өөр болж байна. Уул уурхайтай холбоотой холбогдох хууль эрхзүйтэй мөн танилцаж байна. Ингээд ирэхээр хамтарч ажиллах олон арга зам, хэлбэр, хувилбар байдаг юм байна гэдгийг мэдэж авч энэ талаар сумын ИТХ-аараа нийтээрээ хэлэлцдэг болсон. Төслийн хүрээнд нэг талаас сумын удирдлага, малчид иргэдийн төлөөлөл, иргэний нийгмийнхэн буюу ТББ-ынхан орсон, нөгөө талаас уул уурхайн компанийнхан оролцсон хамтын ажиллагааны хороог байгуулсан. Одоо хороо хуралдаж уул уурхайтай холбоотойгоор орон нутгийн асуудлаа шийддэг болсон. Жишээ нь, уурхайнуудын жил бүр баталдаг уул уурхайн ажлын төлөвлөгөөнд сумын зүгээс ямар ажлуудыг хамтарч хийхээр байгаагаа төлөвлөж тусгадаг.
-Малчдын төлөөллийг яаж сонгож байна вэ?
-Хамтын ажиллагааны хорооны бүрэлдэхүүнд орох малчдын төлөөлөл 3 хүнийг багийн хурлаараа иргэд өөрсдөө шийдэн сонгож байгаа. Сонгосон гишүүд жил жилээр ээлжлэн солигдож ажилладаг. Ийм журмыг төслийн шугамаар боловсруулж бидэнд өгсөн.
Б.Болд
 
Related news