Үзэмжит сайхан цэцэрлэгтэй байх нь таны насыг уртасгана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНВАШИНГТОН. /Independent/. Гэрийнхээ хашаанд сайхан цэцэрлэгтэй байх нь таны насыг уртасгана гэсэн нэгэн шинэ сонирхолтой судалгааны дүгнэлт гарчээ. Байгаль орчны таатай нөхцөлд амьдардаг хүмүүсийн бие эрүүл байдгийг судалгаагаар баталсан байна.
Эргэн тойрон нь цэцэгс ургамлаар бүрхэгдсэн орчинд амьдардаг эмэгтэйчүүдийг энгийн орчинд амьдардаг эмэгтэйчүүдтэй харьцуулахад амьсгалын замын өвчнөөр нас барах магадлал 34 хувь, хавдрын улмаас нас барах магадлал 13 хувиар бага байдгийг дээрх судалгаагаар тогтоожээ.
Мөн бусад өвчнөөр нас барах магадлал 12 хувиар буурдаг байна.
Зүлэгжүүлж, ургамал тарьсан орчинд амьдардаг хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэнд мөн илүү сайн байдаг ажээ.
Судалгааг явуулсан Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдэмтдийн зүгээс шинэ хотыг барьж байгуулахдаа ургамал цэцэг тарих талбайг хот төлөвлөлтөд тусгаж байхыг уриалсан байна.
Энэ судалгаанд 2000-2008 онд АНУ-д явуулсан Сувилагчийн эрүүл мэндийн судалгаанд оролцсон 100 мянга гаруй эмэгтэйчүүдээс авсан мэдээллийг ашиглажээ.
Д.Нямтулга