Мухаммед Алигийн зээ хүү мэргэжлийн боксын рингэн дэх анхны тулаандаа ялалт байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
anudaritsagaan@gmail.com
2021-08-17 15:50:43

ВАШИНГТОН. /CNN/. Америкийн домогт боксчин Мухаммед Алигийн зээ хүү Нико Али Уолш мэргэжлийн боксын рингэн дэх анхны тулаанаа Оклахома муж улсын Катоса хотын “Hard Rock" зочид буудалд өнгөрсөн бямба гарагт хийжээ.

Тодруулбал, өдгөө 21 настай Н.Уолш тамирчин Жордан Уиксийн эсрэг хийсэн дунд жингийн тулааныхаа эхний тойрогт ялалт байгуулсан байна. Тэрбээр энэ тухайгаа өөрийн “Instagram” хуудсандаа "Түүхээ үргэлжлүүлж буйгаа хэлэхэд баяртай байна” хэмээн нийтэлжээ.

"Намайг дэмжсэн хүн бүхэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Мэргэжлийн тулаанчийн хувиар энэхүү рингэн дээр өвөөгийнхөө богино өмдийг эхний бөгөөд сүүлийн удаа өмсөж гарч ирснээрээ өвөөтэйгөө хамт байгаа мэт санагдлаа. Түүний залгамж халаа үргэлжилж байгааг миний бие бахархалтайгаар хэлмээр байна” хэмээн бичжээ.

"Хамгийн агуу боксчин" хэмээх алдрыг хүртсэн мэргэжлийн боксын хүнд жингийн гурван удаагийн аварга М.Али Паркинсоны өвчны улмаас 2016 оны зургаадугаар сард таалал төгссөн билээ. Тэрбээр есөн хүүхэдтэй бөгөөд охин Лейла нь аавынхаа адил Дэлхийн аварга боксчин юм.

関連ニュース