Харри Кейн “Бавари”-д ирлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЛОНДОН. /ВВС/. Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, түүхэн
дэх хамгийн үр дүнтэй тоглогчдын нэг болох Харри Кейн “Тоттенхэм Хотспур”
багаас Германы “Бавари” клубт шилжин ирлээ. Тэрбээр 100 сая еврогийн гэрээ
байгуулжээ.
Өдгөө 30 настай Кейн бямба гарагт Германы багийн бүрэлдэхүүнд
анх удаа талбайд гарч, “РБ Лейпциг” багтай хийсэн тоглолтонд оролцжээ.
Харри Кейн “Тоттенхэм”-ийн түүхэн дэх хамгийн үр дүнтэй тоглогч бөгөөд тус клубын бүрэлдэхүүнд 435 удаа тоглохдоо 280 гоол оруулсан байна. Тэрбээр хүүхэд ахуйгаасаа тус клубын хөлбөмбөгийн академид суралцсан бөгөөд 2011 онд анх удаагаа насанд хүрэгчдийн багийн бүрэлдэхүүнд талбайд гарч тогложээ.
Өнгөрсөн хугацаанд Кейн Английн Премьер лигийн “Алтан шаахай” шагналыг гурван удаа хүртсэнээс гадна саяхан Английн шигшээ багийн хамгийн үр дүнтэй довтлогчоор шалгарчээ. Тэрбээр олон улсын тэмцээнүүдэд 58 гоол оруулсан байна. Харин тив дэлхийн хэмжээний том тэмцээнүүдэд “од муутай” тоглож, аваргалж чадаагүй юм. 2020 оны ДАШТ-нд Кейн ахлагчтай Английн шигшээ хагас шигшээ тоглолтонд Францад, 2021 онд Европын аварга шалгаруулах тэмцээний финалд италичуудад хожигдож байжээ.
“Дэлхийн хамгийн хүчирхэг клубуудын нэг болох “Бавари”-д ирж байгаадаа баяртай байна. Өөрийгөө хамгийн өндөр түвшинд харуулахыг зорьж байна” гэж Кейн ярьжээ. Тэрбээр “Бавари”-гийн бүрэлдэхүүнд 9 номертой тоглох бөгөөд гэрээний хугацаа 2027 онд дуусах юм.
Өнгөрсөн улиралд баваричууд 33 дахь удаагаа Бундеслигийн аварга
болсон бөгөөд түүхэндээ Аваргуудын лигт 6 удаа, Германы цомын тэмцээнд 20 удаа
түрүүлжээ.