World Boxing гэдэг нэрээ өөрчлөхийг IBA шаарджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2023 оны аравдугаар сарын 24 /RIA Novosti/. Олон улсын боксын холбооноос (IBA) World Boxing байгууллагад албан захидал илгээж, зохиогчийн эрх зөрчсөн учир нэрээ солихыг шаарджээ. Эс бөгөөс шүүхэд нэхэмжлэл
гаргана гэж тус холбоо цахим
хуудсандаа мэдэгджээ.
Уг захидалд, World Boxing ба World
Boxing Tour гэх оноосон нэрс бол Умар Кремлевын тэргүүлж буй IBA-гийн албан ёсны бүртгэлтэй оюуны өмч
болохыг мэдэгдсэн байна.
Албан ёсны баримт бичиг, цахим хуудас, олон нийтийн сүлжээн дэх нийтлэл зэрэг бүх материалаасаа World Boxing ба World Boxing Tour гэсэн үгсийг хасч, цаашид ашиглахгүй байхыг IBA шаарджээ. Эл шаардлагыг биелүүлэх эцсийн хугацаа нь аравдугаар сарын 26 юм. Мөн IBA-гийн зохиогчийн эрхийг зөрчсөнийхээ төлөө World Boxing олон нийтээс уучлалт гуйх ёстой бөгөөд үүнийг биелүүлээгүй тохиолдолд IBA хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
"Ийм үйлдэл нь IBA-гийн нэр төрд болон
санхүүд хохирол учруулаад зогсохгүй, ялангуяа
өөр байгууллага IBA-гийн эзэмшдэг
барааны тэмдгийг ашиглаж байгаа нь тус байгууллагын хууль ёсны статусын талаар дэлхийн боксын спортынхны дунд төөрөгдөл үүсгэж байна. Энэ бүхнийг үндэслэн манай барааны тэмдгийг хууль бусаар хэрэглэхээ зогсоохыг луйварчин байгууллагаас шаардаж байна" гэж IBA-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Ерөнхий захирал Крис Робертс ярилаа.
World Boxing байгууллага 2023 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард
Австрали, Англи, Аргентин, Бразил, Их Британи, Герман, Гондурас, Канад,
Нидерланд, Шинэ Зеланд, АНУ, Швед зэрэг 12 холбоодыг нэгтгэн өргөжжээ.
Олон улсын Олимпын хороо (ОУОХ) 2019 онд IBA-г (тухайн
үеийн AIBA) хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ. Олимпын наадмын боксын тэмцээнийг хэвээр үлдээсэн боловч
Токиогийн наадамд ОУОХ-ны тусгай комисс хариуцан зохион байгуулсан аж. 2023 оны зургаадугаар
сарын 22-ны өдрийн ээлжит бус чуулганаар ОУОХ 2021 оны 12 дугаар сард тус холбооноос тавьсан болзлыг биелүүлээгүй тул IBA-г хүлээн
зөвшөөрөхөөс түдгэлзсэн хэвээр байх тухай Гүйцэтгэх
хорооны зөвлөмжийг хүлээн авчээ.
2024 оны Олимпын наадмын боксын тэмцээн IBA-гийн оролцоогүйгээр болно.
Өнгөрсөн зургаадугаар сарын
21-нд Спортын арбитрын шүүх (CAS) ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны зөвлөмжийн хэрэгжилтийг
түдгэлзүүлэх тухай IBA-гийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ. ОУОХ-ны шийдвэрийг давж заалдах
шатны шүүх хурал 11 дүгээр
сарын 16-нд CAS-д болно.