"WTA Finals"-д Польшийн теннисчин аваргаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-11-07 14:59:41

КАНКУН, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /TASS/. Олон улсын эмэгтэйчүүдийн теннисний холбооноос (WTA) улирлын төгсгөлд зохион байгуулдаг "WTA Finals" тэмцээнд Польшийн теннисчин Ига Свёнтек түрүүллээ.


Тэрбээр шувтрагын тоглолтод Америкийн теннисчин Жессика Пегулаг 6:1, 6:0 онооны харьцаагаар хожсон байна. Финалын тоглолт ням гарагт болох ёстой байсан боловч ширүүн бороо, хүчтэй салхины улмаас даваа гарагт болгон хойшлуулжээ. 


Өдгөө 22 настай Ига Свёнтек дэлхийн чансаанд хоёрдугаарт бичигддэг. 2022 оны дөрөвдүгээр сард Польшийн теннисчин дэлхийн чансааг тэргүүлж байсан бөгөөд 75 долоо хоногийн турш чансаагаа хадгалж байлаа. Тэрбээр WTA-гийн тэмцээнүүдэд 17 удаа түрүүлээд байгаа бөгөөд үүнээс зургаан түрүүг энэ улиралд авчээ. Польш теннисчин Их дуулгад дөрвөн удаа түрүүлсэн юм. Тодруулбал, Францын нээлттэй тэмцээнд гурван удаа (2020, 2022, 2023), АНУ-ын нээлттэй тэмцээнд нэг удаа (2022) түрүүлжээ. 


Америкийн теннисчин Пегула 29 настай бөгөөд дэлхийн чансааны тавдугаарт эрэмблэгдэж байна. Тэрбээр хосын төрөлд дэлхийн номер нэг теннисчин юм.  WTA-ийн ганцаарчилсан төрөлд дөрвөн удаа түрүүлсний хоёр нь энэ улирлын тэмцээн юм. "Их дуулга"-ын цуврал тэмцээнд тэрбээр 1/4 шигшээгээс цааш шалгарч байгаагүй ажээ. 


Тухайн улиралд хамгийн олон оноо авсан шилдэг найман теннисчин оролцсон, нийт 9 сая ам.долларын шагналын сан бүхий "WTA Finals" тэмцээн 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 5-ны хооронд Мексикийн Канкун хотод болжээ. 2022 оны тэмцээнд Францын теннисчин Каролин Гарсиа түрүүлсэн юм.




関連ニュース