Р.Левандовскид 2020 оны “Алтан бөмбөг” шагналыг олгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2024 оны тавдугаар сарын
15 /РИА Новости/. Испанийн “Барселона” багийн довтлогч Роберт Левандовскид
2020 оны “Алтан бөмбөг” шагналыг нөхөн олгохоор төлөвлөж байгаагаа France
Football сэтгүүлийн редакц мэдэгджээ. Энэ тухай Diario Sport сонинд мэдээлсэн
байна.
2019/2020 оны улиралд Левандовски 47 тоглолтод 55 гоол оруулсан бөгөөд Аваргуудын лиг, дэлхийн клубүүдийн аварга
шалгаруулах тэмцээн, УЕФА-гийн Супер цом болон Германы АШТ, тус улсын цом ба
Супер цомын тэмцээнүүдэд түрүүлсэн билээ. Тухайн үед Польшийн хөлбөмбөгчин уг
шагналыг авах хамгийн өндөр магадлалтай байсан боловч цар тахлын улмаас
шагнал гардуулах ёслол цуцлагджээ.
Diario Sport сонинд бичсэнээр, 2021 оны шагналтай холбоотой дуулианыг шалгах ажиллагаа Францад эхэлсэнтэй холбогдуулан France Football сэтгүүлийнхэн Левандовскид “Алтан бөмбөг”-ийг олгох хувилбарыг хэлэлцэж эхэлсэн байна.
Шалтгаан нь гэвэл, тухайн үед
Л.Мессигийн тоглож байсан клуб болох “Пари Сен-Жермен”-ний удирдлага France
Football сэтгүүлийнхэнд шахалт үзүүлж байсан ажээ. Тэр үед Л.Месси “Алтан
бөмбөг” шагналыг хүртэж, Левандовски хоёрдугаарт орж байв. Тус сэтгүүлийнхэн
нэр хүндээ алдахгүйн тулд Польшийн хөлбөмбөгчинд шагналыг олгоход бэлэн байгаа
ажээ.
Өдгөө 35 настай Левандовски энэ
улиралд 46 тоглолтод оролцохдоо 24 гоол оруулж, 9 оновчтой дамжуулалт хийгээд
байна.