Саудын Арави тэргүүтэй эвслийн онгоц Йеменд агаараас цохилт өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЭР-РИЯД. /ВВС/. Саудын Арави тэргүүтэй эвслийн нисэх онгоцнуудын нэг нь саяхан Йемений нийслэл Санаа хотод агаараас цохилт өгөхөд оролцсон гэдгийг Саудын Арави албан бусаар хүлээн зөвшөөрсөн бололтой.
Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Санаа хотод оршуулгын ёслолын үеэр агаарын цохилт өгсний улмаас 140 хүн амь үрэгдэж, 500 гаруй хүн шархадсан билээ. Саудын Арави тэргүүтэй эвслийнхэн агаараас цохилт өгсөн гэж Йемений “Хусит” бүлэглэлийнхэн мэдэгдэж байгаа бол эвслийнхэн үүнийг эрс үгүйсгэн няцааж байгаа юм.
“BBC” телевизийн мэдээлснээр, энэ хэргийг мөрдөн шалгахад оролцохыг Их Британи улс хүссэн бөгөөд Саудын Арави уг хүсэлтийг хүлээн авчээ. “Нисгэгч дур мэдэн агаараас цохилт өгсөн үү? эсвэл тушаал аваад бөмбөгдсөн үү?” гэдгийг олон улсын мөрдөн шинжээчид тогтоох аж.
Саудын Аравийн албаны хүн хэлэхдээ “мөрдөн шалгалт дуусаагүй байгаа учир албан ёсоор мэдэгдэл хийх боломжгүй” гэжээ.
Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хадиг дэмжигч засгийн газрын хүчнийхэн болон “Хусит” бүлэглэлийн босогчдын хооронд 2014 онд дэгдсэн зэвсэгт мөргөлдөөний хөлд Йемен улс нэрвэгдээд байгаа билээ. “Хусит”-ын босогчид нь Йемений Ерөнхийлөгч асан Али Абдулла Салехыг дэмждэг юм.
Саудын Арави тэргүүтэй Персийн булангийн улсуудаас голдуу бүрдсэн олон улсын эвсэл Хадигийн хүсэлтээр 2015 оны гуравдугаар сараас сөрөг хүчин болох “Хусит”-ын байрлалуудад агаараас цохилт өгч эхэлсэн юм. Өнгөрсөн наймдугаар сард НҮБ-ын мэдээлснээр, 2015 оны гуравдугаар сараас хойш Йеменд 10 мянган гаруй энгийн иргэд амь үрэгджээ.
Г.Доржханд