ОУОХ-ны ерөнхийлөгчийг сонгох санал хураалтын горимыг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-12-04 14:55:22

ЖЕНЕВ. 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /ТАСС/. Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ ерөнхийлөгчийг сонгох санал хураалт хэд хэдэн үе шаттайгаар явагдах бөгөөд үнэмлэхүй олонхийн саналаар ялагчийг тодруулна гэж ОУОХ-ны хэвлэлийн алба мэдээллээ.


Өөрийнх нь бүрэн эрхийн хугацааг дахин нэг удаа сунгахын тулд Олимпын Хартид өөрчлөлт оруулъя гэсэн саналаас татгалзаж байгаагаа одоогийн ерөнхийлөгч Томас Бах 8 дугаар сард мэдэгдсэн билээ.


“2025 оны 3 дугаар сарын 18-21-нд Грек улсын Коста-Наварино хотод болох ОУОХ-ны 144 дүгээр чуулганы үеэр хаалттай горимоор санал хураалт явагдах бөгөөд тухайн нэг нэр дэвшигч үнэмлэхүй олонхийн санал авах хүртэл үргэлжилнэ. Үе шат бүрт хамгийн цөөн тооны санал авсан нэр дэвшигч дараагийн шатанд оролцох эрхгүй болж хасагдана. ОУОХ-ны шинэ ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2025 оны 6 дугаар сарын 24-нөөс эхлэх бөгөөд энэ хүртэлх хугацаанд Томас Бах ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа гүйцэтгэнэ” гэж ОУОХ-ны мэдээлэлд дурджээ.  


Одоогийн байдлаар Ерөнхийлөгчид 7 хүн өрсөлдөж байна. Тэд бол Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, Их Британийн иргэн Себастьян Коу, Олон улсын гимнастикийн холбооны тэргүүн, Японы иргэн Моринари Ватанабэ, Олон улсын дугуйн холбооны ерөнхийлөгч, Францын иргэн Давид Лапартьян, Олон улсын цанын ба сноубордын холбооны тэргүүн, Шведийн иргэн Йохан Элиаш, ОУОХ-ны дэд ерөнхийлөгч, Испанийн иргэн Хуан Антонио Самаранч /хүү/, ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Иордан улсын иргэн Фейсал аль-Хусейн, усанд сэлэлтийн Олимпын хошой аварга, Зимбабвегийн иргэн Кирсти Ковентри нар юм.   

 

関連ニュース