А.Овечкин 16 тоглолт өнжсөний дараа эргэн ирлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ОТТАВА, 2024 оны арванхоёрдугаар сарын 29. /ТАСС/. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Вашингтон Кэпиталз” багт тоглож буй Оросын довтлогч Александр Овечкин “Торонто”-гийн талбайд болсон тоглолтод нэг шайб оруулжээ.
Торонточууд хаалгачаа зургаа дахь
тоглогчоор сольсон үед буюу тоглолтын 57 дахь минутанд тэрбээр хоосон хаалганд
гоол оруулсан байна. Тоглолт 5:2 гэсэн харьцаагаар “Вашингтон”-ын ялалтаар өндөрлөсөн бөгөөд зочин багаас Эндрю
Манжапане (5 дахь минут), Жейкоб Чичран (9), Ник Дауд (30), Том Уилсон (53), Овечкин
(57) нар, талбайн эзэн багаас Жон Таварес (4), Бобби Макманн (29) нар шайб
оруулжээ.
А.Овечкин 11 дүгээр сарын 19-нд гэмтэл авснаасаа хойш 16 тоглолт өнжсөний эцэст анх удаагаа
мөсөн талбайд гарсан нь энэ юм. Тухайн өдөр Овечкин “Юта” багтай хийсэн тоглолтын III үед зүүн хөлний
тахилзуурын ясны гэмтэл авсны улмаас дөрвөөс зургаан долоо хоногийн хугацаанд
эмчлүүлэх шаардлагатай болсон юм. Уг тоглолтод тэрбээр хоёр шайб оруулсан бол үүнээс нэг
өдрийн өмнө “Вегас”-тай хийсэн тоглолтод хет-трик хийсэн билээ.
Одоо Овечкины хувьд, Үндэсний хоккейн лигийн аварга
шалгаруулах тэмцээний түүхэнд хамгийн олон гоол оруулсан домогт Уэйн
Гретцкигийн амжилтад хүрэхийн тулд 25 шайб оруулах үлдээд байна. Тэрбээр энэ улиралд
16 гоол оруулаад байгаа юм.
У.Гретцки 1487 тоглолтод
оролцохдоо нийт 894 шайб оруулсан юм.
“Вашингтон Кэпиталз” баг 29-ний
ням гарагт “Детройт” багийн талбайд тоглох бөгөөд Нийслэлийн дивизионд 50 оноотойгоор
хоёрдугаар байрт бичигдэж байна.