2025 онд болох хамгийн том таван тэмцээн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-01-02 15:00:33

ДОХА, 2025 оны нэгдүгээр сарын 2 /Al Jazeera/. Улиран одсон 2024 онд Олимпын наадмаас эхлээд T20 крикетийн дэлхийн аварга, Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг томоохон тэмцээнүүд болсны дараа спорт сонирхогчид сэтгэл хөдөлгөм тоглолтуудаар дүүрэн ирэх 12 сарыг тэсэн ядан хүлээж байна. Энэ онд болох олон арван том тэмцээнүүдийн дотроос Al Jazeera агентлаг таван томоохон тэмцээнийг онцолсныг та бүхэнд хүргэе. 


Олон улсын крикетийн холбооны Аваргуудын цомын тэмцээн (Пакистан, Арабын Нэгдсэн Эмират): хоёрдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 9 

Олон улсын крикетийн холбооны Аваргуудын цомын тэмцээнийг /ICC Champions Trophy/ зохион байгуулах эрхийн төлөө Пакистан ба Энэтхэгийн өрсөлдөөн олон сар үргэлжилсний эцэст нээлтийн тоглолтоос хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө зохион байгуулагч орныг зарлажээ.


Найман баг оролцдог уг тэмцээн хамгийн сүүлд 2017 онд болсон бөгөөд тухайн үед Лондонд болсон шувтаргын тоглолтод Пакистаны баг Энэтхэгийг хожиж аваргын цомыг өргөж байлаа. Харин энэ удаагийн тэмцээнд Энэтхэг улс Пакистанд тоглохоос татгалзсаны дараа зарим тоглолтыг Дубайд явуулахаар болжээ.


Хоёрдугаар сарын 19-нд Карачи хотноо эхлэх тэмцээнд крикетийн ДАШТ-ий олон удаагийн аварга Австрали, аваргын цолоо хамгаалахын төлөө тоглох Пакистан, Т20-ийн аварга Энэтхэгийн шигшээ багууд түрүүлэх магадлал өндөр байна. Энэтхэгийн тал Пакистан руу багаа илгээхээс татгалзсан тул Пакистан-Энэтхэгийн тоглолт Дубайд болно.


Нийт 15 тоглолт тойргийн журмаар явагдах бөгөөд эхний дөрвөн байрт шалгарсан багууд гуравдугаар сарын 4, 5-нд Дубай, Лахор хотод болох хагас шигшээд өрсөлдөх эрхээ авна. Шувтаргын тоглолтыг гуравдугаар сарын 9-ний ням гарагт Лахор хотод хийхээр төлөвлөж байгаа боловч Энэтхэгийн баг шалгарсан тохиолдолд Дубайд явуулж магадгүй байна.


Эмэгтэйчүүдийн Европын аварга шалгаруулах тэмцээн (Швейцар): долоодугаар сарын 2-27

Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ 2023 оны эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг унтаж буй аварга биет”-ийг сэрээж, эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн замналыг гэрэлтүүлсэн үйл явдал гэж тодорхойлсон билээ. Тэгвэл түүнээс хоёр жилийн дараа Швейцарт болох Эмэгтэйчүүдийн Евро-2025 тэмцээн дахин олны анхаарлын төвд байх төлөвтэй байна.


Дэлхийн аварга Испанийн шигшээ энэ удаагийн тэмцээнд түрүүлэх магадлал өндөр байгаа боловч өмнөх “Евро”-гийн аварга Англи, хамгийн олон буюу долоон удаагийн аварга германчууд ч мөн 16 баг оролцох энэ удаагийн тэмцээнд хүчтэй өрсөлдөх төлөвтэй байна.  


“Евро-2025” тэмцээний тоглолтууд нь зохион байгуулагч орны найман талбайд явагдах бөгөөд Тун хот Исланд, Финландын хоорондох нээлтийн тоглолтыг зохион байгуулах бол финалын тоглолт Базельд долоодугаар сарын 27-нд болох ажээ.


ФИФА-гийн Клубүүдийн ДАШТ (АНУ): зургаадугаар сарын 14-нөөс долоодугаар сарын 13

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ 32 жилийн дараа Хойд Америкт эргэн ирэхээс нэг жилийн өмнө АНУ шинэчилсэн хувилбараар явагдах ФИФА-гийн шилдэг клубүүдийн тэмцээнийг зохион байгуулна.

Тэмцээний нэр хүндийг өсгөж, илүү олон үзэгчдийг татахын тулд Клубүүдийн ДАШТ-ийг бүс нутгийн холбоодын долоон шилдэг клубээс бүрдсэн 32 баг болгон өргөжүүлжээ. 2025 оны тэмцээн нь 2026 оны ДАШТ-ий тоглолт болох зарим цэнгэлдэх хүрээлэнд явагдах бөгөөд Нью-Жерси муж улсад тус хоёр тэмцээний финалын тоглолтууд болно.


Аргентины од Лионель Мессигийн Интер Майами клуб энэхүү тэмцээнд анх удаа оролцож, дэлхийд алдартай “Реал Мадрид, Манчестер Сити, Ювентус, Флуминесе, Бока Хуниорс, Байерн Мюнхен зэрэг багуудтай өрсөлдөнө.


Эмэгтэйчүүдийн регбигийн ДАШТ (Англи): наймдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 27

Шинэ Зеланд 2021 оны ДАШТ-ий финалын шатанд Английн шигшээг 34:31-ийн харьцаагаар хожиж түрүүлэх үед “Иден Парк” цэнгэлдэх хүрээлэн дэх үзэгчдийн тоо 42 мянга давсан нь эмэгтэйчүүдийн регбигийн түүхэн дэх шинэ дээд амжилт болж, уг спортын нэр алдар улам бүр түгэж байлаа.


Үүний дараа 2023 онд болсон Зургаан орны аварга шалгаруулах тэмцээний “Твикенхэм” цэнгэлдэхэд болсон финалын тоглолтыг 58 498 хүн үзсэнээр өмнөх дээд амжилтыг эвдсэн бол энэ оны есдүгээр сар 27-нд ахин Твикенхэм”-д болох 2025 оны ДАШТ-ий шигшээ тоглолтын үеэр дахин дээд амжилт тогтоож магадгүй байна.


10 дахь удаагаа зохион байгуулагдах энэ удаагийн ДАШТ-д 16 баг өрсөлдөх гэж буйгаараа түүхэн дэх хамгийн том тэмцээн болох юм. Өмнөх хоёр тэмцээний финалд шалгарсан Шинэ Зеланд, Английн багууд энэ удаа дахин шувтаргын шатанд тунан үлдэх магадлалтай хэмээн спорт сонирхогчид таамаглаж байна.


Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн (Марокко): 2025 оны 12 дугаар сарын 21-нээс 2026 оны нэгдүгээр сарын 18

Африк тивийн хамгийн том спортын тэмцээн болох Африкийн цомын тэмцээн /AFCON/ 2025 оны 12 дугаар сараас 2026 оны нэгдүгээр сарын хооронд Мароккод хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.


2030 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг хамтран зохион байгуулах тус улсын баг 1976 оноос хойш хоёр дахь удаагаа AFCON-д түрүүлэх зорилго тээн өөрийн талбайд тоглох давуу талаа ашиглахыг хичээх боловч тэдний замд Кот д’Ивуар, Нигери, Сенегал, Египет зэрэг бүс нутгийн улсуудын багууд саад учруулах нь тодорхой.  


Тэмцээнийг 6, 7 дугаар саруудад зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч Клубүүдийн ДАШТ-тэй давхцах тул AFCON-ы товыг оны эцэс болгож өөрчилжээ. Мароккогийн Рабат, Фес, Касабланка, Марракеш, Танжер, Агадир зэрэг зургаан хотод тоглолтууд явагдах ажээ.

 

 


関連ニュース