ОУОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн онцолж буй сэдвүүд

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-01-30 12:17:02

ЖЕНЕВ, 2025 оны нэгдүгээр сарын 30. /ТАСС/. Өнөөдөр үдээс хойш Швейцарын Лозанна хотод эхлэх Олон улсын Олимпын хорооны 143 дугаар чуулганы үеэр тус хорооны ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөж буй долоон нэр дэвшигч өөрсдийн мөрийн хөтөлбөрийг танилцуулна.


Эдгээр нэр дэвшигч бол Себастьян Коу (Их Британи), Кирсти Ковентри (Зимбабве), бага Хуан Антонио Самаранч  (Испани), Фейсал аль-Хусейн (Иордан), Давид Лапартьян (Франц), Моринари Ватанабэ (Япон), Йохан Элиаш (Их Британи) нар юм.


Чуулганы явцад нэр дэвшигч бүр 15 минутын хугацаанд өөрийн мөрийн хөтөлбөрийг танилцуулах бөгөөд хамгийн түрүүнд аль-Хусейн, хамгийн сүүлд С.Коу гэсэн дарааллаар индэрт гарна. Дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариулах ажээ.


ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн  аль-Хусейн сонгуульд оролцохдоо Олимпын хөдөлгөөнд бүх улсын төлөөллийг жигд шударгаар хамруулах, ОУОХ-ыг илүү хүртээмжтэй, илүү ардчилалтай болгохыг чухалчилж байгаа нь тус байгууллагад бүтцийн шинэчлэл хийхийг санал болгож буй хэрэг юм.


Түүний дараа Олон улсын дугуйн холбооны тэргүүн Лапартьян үг хэлнэ. Тэрбээр Парис-2024 Олимпын наадмыг зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд одоо ОУОХ-ны “шинэ бүтээгдэхүүн” болох киберспортын Олимпын тоглолтын асуудлыг хариуцаж байгаа юм. Тэрбээр мөрийн хөтөлбөртөө дипломат үйл ажиллагаанд анхаарлаа төвлөрүүлж, Орос улсыг Олимпын хөдөлгөөнд буцаан нэгтгэх асуудлыг хөндөж байна.


Харин Олон улсын цанын спорт, сноубордын холбооны ерөнхийлөгч Элиаш Орос, Беларусийн тамирчдыг тэмцээнд оролцуулахыг дэмждэг боловч түүний удирдаж буй холбоо хоригоо цуцлаагүй төдийгүй хоёр улсын тамирчдыг бие даасан статустайгаар оролцохыг ч зөвшөөрөхгүй байгаа юм. Түүний илтгэлд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, байгаль орчныг хамгаалах асуудлыг илүүтэй хөндөх болов уу, учир нь, дэлхийн дулаарлын улмаас өвлийн спортын төрлүүдийг сонирхох нь буурах эрсдэл бий.


Сонгогдох магадлал өндөртэй ба багатай нэр дэвшигчид


ОУОХ-ны дэд ерөнхийлөгч бага Хуан Антонио Самаранчийн мөрийн хөтөлбөр нь бизнес загварчлалыг хөгжүүлэх, тухайлбал, ивээн тэтгэлгийг өргөжүүлэх, тэмцээн уралдааныг дамжуулан нэвтрүүлэх эрхийн төлбөрийг нэмэгдүүлэх, олсон орлогыг оновчтой хуваарилах гэх мэт асуудалд илүүтэй чиглэжээ. Түүний эцгийн үед ОУОХ санхүүгийн хувьд маш их бэхэжсэн юм.  


Харин усанд сэлэлтийн Олимпын аварга Кирсти Ковентри ОУОХ-г тэргүүлэх анхны эмэгтэй, Африк тивийг төлөөлсөн анхны хүн болж магадгүй. Тэрбээр тамирчдын эрхийг хамгаалах асуудалд гол анхаарлаа чиглүүлж байгаа бөгөөд өмнө нь ОУОХ-ны Тамирчдын комиссыг тэргүүлж байжээ.


Ази тивийг төлөөлж буй Олон улсын гимнастикийн холбооны ерөнхийлөгч Ватанабэг сонгогдох магадлал муутайд тооцож бөгөөд англи хэл мэддэггүй нь үүнд нөлөөлж буй гол шалтгаануудын нэг юм. Олимпын наадмыг дэлхийн таван тивд нэгэн зэрэг зохион байгуулъя гэсэн өвөрмөц содон санааг тэрбээр мөрийн хөтөлбөртөө дэвшүүлжээ.

 

Харин сонгогдох магадлал хамгийн өндөртэй хүн бол Олон улсын хөнгөн атлетикийн холбооны /ОУХАХ/ ерөнхийлөгч С.Коу юм. Тэрбээр Олимпын аварга болсноос гадна 2012 оны Лондоны Олимпыг зохион байгуулахад идэвхтэй оролцож, 10 жилийн өмнө сэргээш ба авлигын дуулианд автаад байсан ОУХАХ-нд шинэчлэл хийж чаджээ. Түүний хувьд нэг асуудал байгаа нь 70 гэдэг насны хязгаар юм. Өөрөөр хэлбэл, насны хязгаарыг өөрчлөхгүй бол тэрбээр бүрэн эрхийнхээ хугацааг дуустал ОУОХ-г тэргүүлэх боломжгүй. Тэгээд ч ОУОХ-г 2013 оноос хойш удирдаж буй одоогийн ерөнхийлөгч 71 настай Т.Бах Коуг сонгоход дурамжхан хандаж байгаа ажээ.


ОУОХ-ы ерөнхийлөгчийг сонгох санал хураалт гуравдугаар сарын 20-нд Грект болох бөгөөд шинэ тэргүүн зургаадугаар сарын эцсээр үүрэгт ажилдаа орно. 

関連ニュース