АНУ-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахыг дэмжжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ, 2025 оны долоодугаар сарын 29 /Yonhap/. Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг хангах зорилгоор БНАСАУ, АНУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахыг БНСУ-ын Засгийн газар дэмжсэн хэвээр байна гэж “Yonhap” агентлаг Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны мэдэгдлийг эш татан мэдээлжээ.
"Солонгосын хойгийн энх тайван, Зүүн Хойд Азийн бүс нутгийн тогтвортой байдлыг хангах үүднээс Умард Солонгос-АНУ-ын дээд хэмжээний уулзалтыг үргэлжлүүлэхийг Өмнөд Солонгосын Засгийн газар идэвхтэй дэмжиж байна" гэдгийг тус яамны төлөөлөгч БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны дүүгийн хийсэн мэдэгдэлд тайлбар хийхдээ дурдсан байна. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар 2018 онд Сингапурт, 2019 онд Ханойд уулзаж байсан билээ.
Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн орлогч дарга Ким Ё Жөн өмнө нь мэдэгдэл хийхдээ, хэрэв АНУ яриа хэлэлцээ хийх сонирхолтой байгаа бол шинэ бодит байдлыг хүлээн зөвшөөрч, БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах бодлогоосоо ухрах хэрэгтэй гэжээ. БНАСАУ-ын цөмийн статусыг Үндсэн хуульд тусгасан байдаг. Ким Жөн Уны дүү БНАСАУ, АНУ-ын удирдагчдын "хувийн сайн харилцааг" үгүйсгээгүй хэдий ч энэ харилцааг Пёньяныг цөмийн зэвсгээсээ татгалзахыг ятгахдаа ашиглах нь утгагүй гэж мэдэгджээ.
Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар тохиролцоонд хүрэхийн тулд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай уулзахад бэлэн байгаа гэдгийг Цагаан ордон өмнө нь мэдэгдсэн байна. Ким Ё Жон мэдэгдэл хийсний дараа АНУ-ын засаг захиргаа уг байр сууриа дахин илэрхийлжээ.
“Умардын цөмийн асуудлыг шийдвэрлэх, Солонгосын хойгт энх тайван тогтоохын төлөө Умардын талтай яриа хэлэлцээ хийхэд нээлттэй байна" гэсэн байр сууриа БНСУ болон АНУ тууштай илэрхийлж ирсэн хэмээн Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ онцлоод цаашид БНАСАУ-АНУ-ын дээд хэмжээний уулзалтыг сэргээх нөхцөлийг бүрдүүлэх, мөн Умард ба Өмнөд Солонгос хоорондын итгэлцлийг сэргээхийн төлөөх хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ гэжээ.
Ким Ё Жон өмнө нь мэдэгдэхдээ, Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Ли Жэ Мён эвлэрэх алхмуудыг хийж байгаа хэдий ч Өмнөдийн бодлогод зарчмын өөрчлөлт харагдахгүй байгаа тул Өмнөдтэй яриа хэлэлцээ хийх бодолгүй байгаагаа илэрхийлжээ.