Ачаалж байна…
Ачаалж байна…
Лхагва Н.

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн “Мөнгөлөг шагшуурга” цас, мөсний баярыг 2027 оны нэгдүгээр сарын 30-31-ний өдрүүдэд Хар-Ус нуурын мөсөн дээр зохион байгуулна.
Борцгор хотон шувууны өлгий нутаг болох Хар-Ус нуурыг хамгаалах, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, олон угсаатны өв соёл, уламжлалыг сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тус баярыг 2009 оноос эхлэн зохион байгуулж иржээ.
Баярын үеэр үндэсний уламжлалт хоол, гар урлал, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулахаас гадна урлаг, спортын тэмцээн, уламжлалт тоглоом наадгай, олон сонирхолтой хөтөлбөрийг өрнүүлэх юм.
“Мөнгөлөг шагшуурга” цас, мөсний баярыг энэ оны хоёрдугаар сард зохион байгуулахад давхардсан тоогоор 15 мянган иргэн, гадаад дотоодын аялагч, жуулчин үзэж сонирхжээ.
Баярын үйл ажиллагаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр жил бүр өргөжиж, баруун бүсийн өвлийн аялал жуулчлалын брэнд болж байна.
Хар-Ус нуур болон түүний байгалийн цогцолборт газарт 17 баг, 35 овгийн 270-280 орчим зүйлийн шувуу бүртгэгдсэн байдаг. Үүнээс хамгийн онцгой нь борцгор хотон шувуу юм.
Борцгор хотон нь дэлхийн хамгийн том нисдэг шувуудын нэг бөгөөд Монгол орны ус, намгархаг газрын хамгийн сүрлэг, содон төлөөлөгчдийн нэг ажээ.
Ерөнхий биеийн өнгө нь цасан цагаан, харин далавчны үзүүр болон хүзүү орчимд үл ялиг саарал туяа ажиглагддаг. Биеийн урт нь 170 см, жин нь 13-15 кг хүрэх бөгөөд дагзны хэсэгтээ буржгардуу өдтэй байдаг нь бусад хотонгоос ялгарах гол шинж юм.
Өвлийн улирлыг дулаан бүс нутагт өнгөрөөдөг борцгор хотон хаврын урь орж, нуур гэсэх үеэр буюу дөрөвдүгээр сарын сүүлчээс тавдугаар сарын эхээр Монголын баруун хязгаар дахь Хар-Ус нуурт буцан ирдэг. Тэд ихэвчлэн хүний хөл хөдөлгөөнөөс алслагдсан, зэгс шагшуурга шигүү ургасан, гүнзгий хоолой бүхий намгархаг усан орчныг сонгон нутаглаж, үрждэг байна.
Борцгор хотон идэш тэжээлээ хайхдаа ихэвчлэн ганцаараа бус, тураг гогойтой хамтран сүрэглэн агнадаг нь байгалийн онцгой зохицлын нэг юм. Тэд харилцан уялдаа холбоотойгоор загасыг бүслэн шахаж барихын зэрэгцээ болзошгүй аюулыг бие биедээ мэдэгдэн сэрэмжилдэг ажээ.
Борцгор хотон үүрээ засахдаа ч онцгой нямбай. Хатсан зэгс, өвсний ишээр бараг нэг метр орчим өндөр, өргөн том үүрийг зэгсэн шугуйн дунд байгуулдаг. Ийм үүр нь усны түвшний өөрчлөлтөөс хамгаалагдсан, дулаан хадгалдаг, махчин амьтан болон бусад аюулаас харьцангуй хамгаалагдсан орчин болдог.
Борцгор хотон гурван нас хүрээд үржилд орох чадвартай болдог. Тавдугаар сарын сүүлчээр ихэвчлэн шаргалдуу туяатай цагаан өнгийн 1-2, зарим тохиолдолд 2-4 өндөг гаргаж, ээлжлэн дарна. Ангаахай нь бойжиж, далавч нь бүрэн гүйцэж нисэх чадвартай болох хүртлээ Хар-Ус нуурын ус, намгархаг экосистемийн баялаг нөөцөөс хооллон өсдөг.
Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон байгаль хамгаалагчдын олон жилийн турш тогтмол хийсэн мониторинг, судалгаагаар жил бүр дунджаар 50-96 бодгаль борцгор хотон бүртгэгдэж байна.
Өнгөрсөн жилүүдэд хамгийн олондоо 120 хүртэлх бодгаль борцгор хотон тоолж байсан. Энэ тоо бага мэт санагдаж болох ч Зүүн Азийн дэд популяцын хэмжээнд маш өндөр ач холбогдолтой үзүүлэлт юм. Учир нь борцгор хотонгийн Зүүн Азийн дэд популяц нь дэлхийд хамгийн цөөн тоотой, устах өндөр эрсдэлтэйд тооцогддог гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцоллоо.
Хар-Ус нуур нь борцгор хотон үрждэг Монголын цөөн хэдэн чухал нутаг дэвсгэрийн нэг бөгөөд Зүүн Азийн дэд популяцыг хадгалан хамгаалахад онцгой ач холбогдолтой үндсэн түшиц нутагт тооцогддог.
Сүүлийн жилүүдэд борцгор хотонгийн нүүдлийн замнал, амьдрах орчны ашиглалт, улирлын шилжилт хөдөлгөөнийг илүү нарийвчлалтай тогтоох зорилгоор Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа Монголын Шувуу хамгаалах төвийн судлаачидтай хамтран зарим бодгальд сансрын дамжуулагч бүхий хүзүүвч зүүх судалгааны ажлыг хэрэгжүүлж байна.