Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

НЬЮ-ЙОРК, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /DW/. Олон улсын эрүүгийн шүүхийн /ОУЭШ/ Ромын дүрмээс гарахаас шийдвэрлэснээ Тажикистан улс НҮБ-д албан ёсоор мэдэгдсэн байна. Уг мэдэгдлийг НҮБ энэ сарын 20-ны өдөр хүлээн аваад 23-ны өдөр олон нийтэд ил болгожээ.
Дүрмэнд заасны дагуу тус улс нэг жилийн дараа буюу 2027 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ОУЭШ-ээс гарах бөгөөд тэр хүртэл гэрээний оролцогч хэвээр байх юм.
"Гаагийн шүүхийн үйл ажиллагааг улстөржүүлж байгаа нь олон улсын эрүүгийн шүүн таслах ажиллагааг улс хоорондын маргааныг шийдвэрлэхэд улс төрийн дарамт шахалт үзүүлэх хэрэгсэл болгон хувиргаж байна" гэж Тажикистаны Гадаад хэргийн дэд сайд Идибек Каландар 10 дугаар сард мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, энэ нь Олон улсын эрүүгийн шүүхийн бие даасан статусыг алдагдуулж байна.
Энэ сарын 22-ны өдөр Европын Холбоо мэдэгдэл гаргаж, 19-20-нд Тажикистанд айлчилсан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг баривчлах тухай ОУЭШ-ийн шийдвэрийг биелүүлээгүй хэмээн Тажикистаны эрх баригчдыг буруутгасан юм.
ОУЭШ-ийн эсрэг АНУ-ын кампанит ажиллагаа
Гаагийн олон улсын шүүх нь АНУ-ын бүрэн эрхт байдалд шууд заналхийлж байна гэж долоодугаар сарын 13-нд Вашингтон мэдэгдсэнээр тус шүүхийн эсрэг өргөн хэмжээний кампанит ажиллагааг эхлүүлсэн юм. Тус шүүхээс Америкийн цэргийн албан хаагчид, тагнуулын ажилтнуудын эсрэг мөрдөн шалгалт хийж эхэлсэн нь “хэнд ч тайлангаа тавьдаггүй дэлхийн хэмжээний шүүгч болохыг эрмэлзэж буйн илрэл" гэж Цагаан ордон үзжээ.
Улмаар наймдугаар сарын 18-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ОУЭШ-ийн дарга Томоко Аканэ, ахлах прокурор Абдулай Сейе нарын эсрэг хориг арга хэмжээ авсныг зарласан юм.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож үг хэлэхдээ, тус шүүхээс гарахыг гишүүн бүх улсад уриалсан байна.
2025 оны есдүгээр сард Буркина-Фасо, Мали, Нигер улсууд “Гаагийн шүүх бол империалистуудын гар дахь шинэ колончлолын арга хэрэгсэл” гэж үзээд тус байгууллагаас гарахаа мэдэгдсэн байна. Үүнийг дэмжин Чад, Венесуэл, Науру улсууд тус байгууллагаас гарчээ.
2025 оны тавдугаар сард Унгарын парламент ийм шийдвэр гаргасан боловч жилийн дараа сөрөг хүчнийхэн сонгуульд ялсны дараа тус улс гарах өргөдлөө буцаан татсан байна.