Ачаалж байна…
Ачаалж байна…
Tuul Batsuuri

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 24-нд Экспорт-Импорт банкны Ерөнхийлөгч Хван Ги Ёнтой уулзаж, хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар ярилцав.
Сайд Б.Батцэцэг БНСУ-ын Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Солонго 1, 2 орон сууцны хороолол”, “Баянголын амны орон сууцны хороолол” барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын төсөл хэрэгжиж, Улаанбаатар хотноо нийтийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглээд, талархал илэрхийлэв. Талууд эдгээр төслийг төлөвлөсөн хугацааны дагуу үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотлов.
Хоёр улс “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийг байгуулсан хамтын ажиллагааны туршлагад үндэслэн “Хавдар судлалын үндэсний II төв” байгуулах төслийн хүрээнд техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, чингэхдээ эмнэлгийн менежмент, үйл ажиллагааг тогтворжуулах, хүний нөөцийг бэлтгэх зэрэг асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгааг талууд сайшаан тэмдэглэв.
Экспорт-Импорт банкны Ерөнхийлөгч Хван Ги Ён Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахын төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Тус банк нь 2019 онд Монгол Улсад суурин төлөөлөгчийн газраа байгуулан ажиллаж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.