Ачаалж байна…
Ачаалж байна…
Чойжамц Отгонцэцэг

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор нийтийн биеийн тамирын хүртээмжийг нэмэгдүүлж байна.
Энэ хүрээнд аймгийн Биеийн тамир, спортын газраас “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аяныг өрнүүлж, иргэдийг нас, хүйс, ажил мэргэжлээс үл хамааран тогтмол дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, эрүүл мэнддээ анхаарахыг уриалж байна.
Аяны хүрээнд аймгийн Усан бассейн, Биеийн тамир, спортын газрын спорт заал болон Цагааннуур, Дулаанхаан, Ерөө, Баянгол, Сайхан, Хүдэр, Алтанбулаг, Мандал сумдын спорт цогцолборт иргэдийг хамруулсан дасгал хөдөлгөөн, спортын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ингэснээр зөвхөн аймгийн төвөөр хязгаарлахгүйгээр сум, орон нутгийн иргэдэд спортоор хичээллэх боломжийг ойртуулж, нийтийн биеийн тамирын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэжээ.
Тогтмол дасгал хөдөлгөөн нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, биеийн жинг зохистой түвшинд хадгалах, булчин, ясны чийрэгжилтийг сайжруулахын зэрэгцээ чихрийн шижин, даралт ихсэх зэрэг халдварт бус өвчний эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой. Мөн сэтгэл зүйн тогтвортой байдлыг дэмжиж, стресс, бухимдлыг бууруулан, нойр болон амьдралын чанарт эерэгээр нөлөөлдөг.
Иймд иргэдийг өвдсөний дараа эмчлэхээс илүүтэй өвчлөхөөс өмнө эрүүл мэндээ хамгаалах, өдөр тутмын амьдралдаа идэвхтэй хөдөлгөөнийг хэвшүүлэх нь урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн чухал дадал юм. Нийтийн биеийн тамирыг дэмжсэн энэхүү аян нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол, өөрийгөө хамгаалах дадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ гэр бүл, хамт олон, орон нутгийн хэмжээнд эрүүл амьдралын соёлыг төлөвшүүлэх ач холбогдолтой юм.