Ачаалж байна…
Ачаалж байна…
Myagmarsuren Byambajaw

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сангийн сан хөмрөгт монгол, төвөд, англи, орос хэл дээрх 56 мянга гаруй ном, хэвлэл хадгалагдаж байгаагаас төвөд хэлээр бичигдсэн судар, гар бичмэлүүд нь түүх, соёлын үнэ цэнтэй өвд тооцогдож байна.
Номын сангийн сан хөмрөг 56 мянга гаруй ном, хэвлэлтэй, сан хөмрөгийн үнэлгээ нь 200 орчим сая төгрөгт хүрсэн байна. Номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй төвөд хэлний судар, гар бичмэлүүдийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, баримтат өвд бүртгүүлэх, ганц хувьтай судруудыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эхлүүлжээ. Энэ нь ховор эх сурвалжийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, судалгаа шинжилгээний эргэлтэд оруулахад чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн орон нутгийн түүх, соёлын судалгааны бүтээлүүдийг эмхэтгэн хэвлүүлэх, уншигчдад хүргэх ажил үргэлжилж байна. Тухайлбал, “Завхан судлал” цувралын 31, 32 дугаар ботид 1922 оны хүн амын тооллогын архивын баримтыг эмхэтгэн хэвлэж, аймгийн 24 сумын номын санд хүлээлгэн өгчээ. Уг бүтээлүүдэд тухайн үеийн Улиастай хот болон Завханы нутаг дэвсгэрт хамаарах хошуудын хүн амын бүртгэл, архивын баримтыг багтаасан байна. Номын сангийн сан хөмрөгтэй танилцах, хэрэгцээт бүтээлээ цахимаар хайх боломжийг бүрдүүлжээ.
Тус номын сангийн электрон каталогт 25 мянга гаруй ном, хэвлэл бүртгэгдсэн бөгөөд номын нэр, агуулга, хэл, хэвлэгдсэн оноор шүүн хайх боломжтой юм. Номын сан нь нийтийн болон хүүхдийн уншлагын танхим, гэрээр ном олгох тасаг, англи хэлний сургалтын танхимаар давхардсан тоогоор 3600 гаруй хүнд үйлчилгээ үзүүлжээ.
Ийнхүү зөвхөн ном уншигчдад үйлчилдэг байгууллага төдийгүй нутгийн түүх, соёлын баримт, судар бичиг, оюуны өвийг хадгалан хамгаалах, судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах чухал үүрэг гүйцэтгэж байгаа талаар Төв номын сангаас мэдээллээ.