Ачаалж байна…
Ачаалж байна…
Лхагва Н.

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутгаар гол, нуурын мөс хүн, мал, авто машин зорчиход аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөс цөмрөх өндөр эрсдэлтэй байна.
Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн мэдээллээр энэ сарын 21-ний өдрийн байдлаар Бодонч голын мөсний зузаан 15 см буюу нимгэн байна. Харин Буянт, Ховд, Чоно-Харайх, Булган, Үенч, Төгрөг голын мөсөн бүрхүүл бүрэн тогтоогүй, мөсөн зах, өтгөн зайртай байгаа ажээ.
Иймээс тээвэрчид, иргэдийг гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зорилгоор зорчихгүй байхыг мэргэжлийн байгууллагаас онцгойлон анхаарууллаа. Мөн гол гатлахдаа баталгаатай гүүр, гарцыг сонгох, бага насны хүүхдийг гол, нуурын эрэг орчимд тоглуулахгүй байх, мал сүргийг мөсөн дээгүүр туухгүй байх, мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.
Мөс бэхжих хугацаа нь агаарын температур, салхи, усны гүн, урсгал зэрэг олон зүйлээс хамаардаг.
Ховд аймгийн гол, нуурын мөс ихэвчлэн 12 дугаар сарын эхэн үеэс бэхжиж, мөсний зузаан хоёрдугаар сарын эхээр авто машин зорчих аюулгүй хэмжээнд хүрдэг.
Мөс цөмрөх аюул, осол гарсан тохиолдолд иргэд Ховд аймгийн Онцгой байдлын газрын 7043-101, 7043-105 утсаар дуудлага өгч, яаралтай тусламж авах боломжтой.