Ачаалж байна…
Ачаалж байна…
Myagmarsuren Byambajaw

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн төрийн байгууллагууд ажилтан, албан хаагчдынхаа хүүхдийг аюулгүй орчинд байлгах, гэр бүлд ээлтэй ажлын нөхцөл бүрдүүлэх зорилгоор хүүхдийн өрөө, булан тохижуулах ажлыг эрчимжүүлж байгаа талаар аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газраас мэдээллээ.
Тухайлбал, аймгийн Эрүүл мэндийн газар албан хаагчдын хүүхдэд зориулсан өрөө байгуулж, хүүхдүүдийн чөлөөт цагаа аюулгүй, бүтээлч өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн бол Хүнс, хөдөө аж ахуйн газар байгууллагынхаа нөөц боломжид тулгуурлан хүүхдийн булан тохижуулсан байна.
Ургамал, Сонгино, Цагаанчулуут сумын Засаг даргын Тамгын газрууд ажилтнуудынхаа хүүхдэд зориулсан орчин бүрдүүлж, хүүхэд тоглож наадах, хичээлээ давтах, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг бий болгожээ.
Түүнчлэн Тосонцэнгэл сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс хүүхэд хамгааллын өрөө ажиллуулж байгаа нь хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр байгууллагуудын хэрэгжүүлж буй ажлын нэг жишээ болж байна.
Завхан аймгийн хэмжээнд өмнө нь 10 гаруй байгууллага хүүхдийн өрөөтэй байсан бол энэ онд шинээр тохижуулсан өрөө, булангуудын тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай.
Эдгээр өрөөг хүүхдийн насны онцлогт тохирсон ном, тоглоом, хичээл давтах ширээ, сандал зэрэг хэрэгслээр тохижуулсан байна. Ингэснээр эцэг эх нь ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд хүүхдүүд аюулгүй орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх, суралцах, хөгжих нөхцөл бүрдэж байгаа юм.
Энэ ажил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасан ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангах, хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэх зохицуулалттай уялдаж байна. Энэ заалтаар ажил олгогч ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтнаа дэмжих үүрэг хүлээдэг.
Мөн Ерөнхий сайдын санаачилгаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан “Хүүхдийн төлөө-За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөнийг орон даяар хэрэгжүүлж байна. Хөдөлгөөн нь хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлийг урьдчилан илрүүлэх, бууруулах, гэр бүл, боловсролын болон олон нийтийн орчинд хүүхдэд ээлтэй нөхцөл бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.
Үндэсний хөдөлгөөний эхний үе шат 2026 оны арванхоёрдугаар сарын 25 хүртэл үргэлжлэх бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хүүхдийн өрөө, булан тохижуулж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийг уриалж байна.