Ачаалж байна…
Ачаалж байна…
Нанзад Мөнхнаран

Булган, 2026 оны арваннэгдүгээр сарын 25./МОНЦАМЭ/ Булган аймагт төрийн албанд шинээр томилогдсон есөн албан хаагч өнөөдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
Албан хаагчид Монгол Улсын Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төр, ард түмнийхээ өмнө тангараг өргөсөн юм. Тэд хууль дээдлэн, төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагыг чанд баримтлан, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, иргэдэд шударга, тэгш, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэн үнэнчээр ажиллахаа ийнхүү илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл жилд хоёроос доошгүй удаа уг ёслолыг зохион байгуулдаг. Булган аймагт тангараг өргөх ёслолыг ихэвчлэн долоодугаар сард буюу Төрийн албаны өдөр, Үндэсний их баяр наадмын өмнө, мөн арваннэгдүгээр сард Бүгд Найрамдах Улс тунхагласны өдрийг тохиолдуулан явуулдаг уламжлалтай.
Шинээр томилогдож, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж буй хүний тоо жил бүр харилцан адилгүй байдаг. Тухайлбал, 2022 оны долдугаар сард 39, 2023 оны дөрөвдүгээр сард 34, 2024 оны долодугаар сард 22, мөн оны арваннэгдүгээр сард 23 албан хаагч тангараг өргөжээ. Сүүлийн жилүүдийн мэдээллээр тус аймагт жилд дунджаар 40-60 орчим хүн төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөдөг байна.
Ташрамд, Булган аймагт нийт 3755 төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 74 хувь нь эмэгтэйчүүд байна.