Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D

ИЕРУСАЛИМ, 2026 оны арваннэгдүгээр сарын 29 /Ройтерс/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху эхний ээлжид Гади Айзенкотоор удирдуулсан эвслийн Засгийн газар байгуулах нөхцөлөөр эрх мэдлээсээ түр татгалзахад бэлэн байгаагаа бямба гарагт мэдэгдсэн нь батлан хамгаалах хүчний жанжин штабын дарга асан Г.Айзенкот Б.Нетаньяхуг засгийн эрхээс буулгах зорилготой сөрөг хүчний дэмжлэгээр эвслийн Засгийн газар бүрдүүлэхэд ойртсоны дохио боллоо.
Г.Айзенкот эвслийн Засгийн газар байгуулах боломж олгохуйц боломжит түншүүдийн дэмжлэгийг авч эхэлсэн нь Израилын засгийн эрхийг хамгийн удаан барьсан Б.Нетаньяху хэр зэрэг дарамт шахалтад орсныг түүний энэхүү мэдэгдэл харуулж байна.
Б.Нетаньяху хоёр намынх нь хооронд эвслийн Засгийн газар байгуулах тухай гэрээний хүрээнд Г.Айзенкоттой засгийг ээлжлэн тэргүүлэх тохиролцоо хийж, өөрөө хоёр дахь ээлжид нь Ерөнхий сайдаар ажиллах санал тавьжээ.
Аравдугаар сарын 27-нд болсон сонгуулиар Б.Нетаньяху, Г.Айзенкот нарын хэн нь ч дангаараа Засгийн газар байгуулах санал авч чадаагүй юм. Үүний дараа Израилын Ерөнхийлөгч Засгийн газар эмхлэн байгуулах эрхийг Г.Айзенкотод олгосон юм. Г.Айзенкотод 12 дугаар сарын 6-ныг хүртэл Засгийн газар байгуулах хугацаа байгаа бөгөөд шаардлагатай бол уг хугацааг 14 хоногоор сунгах боломжтой.
Энэ долоо хоногт Г.Айзенкот зүүний үзэл баримтлалтай "Ардчилагчид" нам болон барууны үзэлтэй "Израиль Бейтейну" намтай эвслийн гэрээ байгуулсан нь түүнийг олонх болоход улам ойртуулж байна.
Б.Нетаньяху мэдэгдэхдээ, чухам өөрийгөө Израилын Засгийн газрыг тэргүүлэх ёстой хэдий ч "оршин тогтнохуйд учирч буй аюулын цар хүрээ болон энэ аюулыг сөрөн зогсох чадваргүй Засгийн газар байгуулагдах магадлалыг харгалзан үзэж", "удирдагч хүний хувьд хүлээсэн хариуцлагынхаа үүднээс бүх зүйлийг хойш тавих" шаардлагатай боллоо гэжээ.
Харин Г.Айзенкот хариу мэдэгдэл хийхдээ түүний тэргүүлдэг "Яшар" намынх нь хэлэлцээний баг Б.Нетаньяхугийн "Ликуд" намтай "бодитой, чин сэтгэлийн бөгөөд шуурхай хэлэлцээ хийхээр" олон долоо хоногийн турш хичээсэн ч "татгалзсан, булзсан хариу" авч байсан гэсэн байна.
Тэрбээр Б.Нетаньяхуг "Яшар" намын багтай "үндсэн чиг шугам, бодлогын асуудлуудаар" нухацтай хэлэлцээ хийхийг урьжээ.