Ачаалж байна…
Ачаалж байна…
Чойжамц Отгонцэцэг

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сант суманд байрладаг Барилгын цэргийн 110 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид цэргийн тангараг өргөж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлэхээ илэрхийллээ.
Барилгын цэргийн анги орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа нь цэргийн албыг бүтээн байгуулалт, мэргэжлийн боловсрол, хөдөлмөр эрхлэлттэй уялдуулж буйгаараа онцлог юм. Тус анги хугацаат цэргийн алба хаагчдад цэргийн мэдлэг, сахилга бат, эх оронч үзэл төлөвшүүлэхийн зэрэгцээ барилгын чиглэлээр мэргэжлийн мэдлэг, дадал, ур чадвар эзэмших боломж бүрдүүлж байна.
Цэргийн алба хаах хугацаандаа мэргэжлийн ур чадвар эзэмшсэн залуус албаа дуусгаад хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх, барилгын салбарт ажиллах, цаашид мэргэжлээ хөгжүүлэх суурь мэдлэг, дадалтай болох юм. Энэ нь залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажиллах хүчний ур чадварыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэлтгэхэд чиглэсэн бодит боломж юм.
Түүнчлэн Барилгын цэргийн 110 дугаар анги Сант суманд байрласнаар орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, сумын эдийн засгийн эргэлт, худалдаа, үйлчилгээний идэвхийг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах ач холбогдолтой.
Цэргийн тангараг өргөх ёслолд Сэлэнгэ аймгийн Батлан хамгаалах газрын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Сэлэнгэ, Булган, Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын удирдлагууд, цэргийн алба хаагчид болон тангараг өргөсөн залуусын ар гэрийнхэн оролцлоо.
Цэргийн тангараг нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлэхийн баталгаа бөгөөд тангараг өргөсөн залуусын хувьд эх оронч үзэл, сахилга бат, хариуцлага, нөхөрлөлийг эрхэмлэн төлөвших шинэ үеийн эхлэл юм.
Эх орныхоо төлөө тангараг өргөсөн залуу дайчид цэргийн албаа амжилттай хааж, мэргэжил, ур чадвар эзэмшин, ирээдүйн хөдөлмөр, амьдралдаа хэрэглэх мэдлэг, дадалтай, эх оронч иргэн болон төлөвшинө.