Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 26 /Дойче Велле/. Европын Холбоо, БНХАУ зэрэг 14 улсын бараанд шинээр гаалийн татвар ногдуулахаар төлөвлөж байгаагаа АНУ-ын эрх баригчид өчигдөр мэдэгдлээ. Хэт үйлдвэрлэлийн асуудлаар олон сарын турш явуулсан хяналт шалгалтын дүнгээр 20 хүртэлх хувийн татварыг шинээр ногдуулж магадгүй байна.
АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтны ярьснаар, шинээр ногдуулах татварт хамрагдах гэж улс орнууд “бодит эрэлт хэрэгцээ болон зах зээлийн зарчмаас ангид байдлаар үйлдвэрлэлийг дэмжиж, хүчин чадлыг нь нэмэгдүүлж байгаа” ажээ. Гэхдээ нэмэлт татвар ногдуулах эсэхийг олон нийтээр хэлэлцүүлэх бөгөөд үүний дараа хүчин төгөлдөр болох юм. Цагаан ордны төлөөлөгч нэмж хэлэхдээ, татвар ногдуулах саналыг боловсруулахдаа одоо үйлчилж буй худалдааны гэрээнүүдийг харгалзан үзсэн гэлээ.
Энэ удаагийн нэмэлт татварыг АНУ-ын худалдааны хамгийн том түншүүд болох Хятад, Европын Холбоо, Энэтхэг, Бангладеш, Камбож, Индонез, Япон, Өмнөд Солонгос, Малайз, Сингапур, Швейцар, Тайвань, Таиланд, Вьетнамын бараанд ногдуулах ажээ. Тодруулбал, Хятадын бараанд 20 хувийн татвар ногдуулах гэж байгаа нь хамгийн өндөр хэмжээ юм. Үүний зэрэгцээ Америкийн тал 30 орчим тэрбум долларын барааг татвараас чөлөөлөх саналыг Хятадад тавьж байгаа ажээ.
Түүнчлэн Вьетнамын бараанд мөн адил 20 хувийн татвар ногдуулах бол Камбож, Индонезид 18 хувийн, Энэтхэгт 17 хувийн татвар тогтооно. Харин Вашингтонтой хэдийн худалдааны гэрээ байгуулаад буй Европын Холбоо, Өмнөд Солонгос, Өмнөд Солонгос, Тайвань зэрэг түншүүдийн хувьд уг татвар 15 хувь байх ажээ.
Түүнээс гадна, нисэх онгоц зэрэг Бразилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулна.
Энэхүү арга хэмжээ нь 12 дугаар сард Майамид болох Их20-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө маргаан зөрчил, түгшүүрийг дэврээж магадгүй юм. Харин Цагаан ордны өндөр албан тушаалтан хэлэхдээ “татварын асуудал зөрчилд хүргэхгүй, харин ч саммитын үеэр илүү олон гэрээнд гарын үсэг зурна” гэжээ. Түүний ярьснаар, шинээр тогтоох татвар ирэх оноос нэгдүгээр сараас нааш хүчин төгөлдөр болохгүй бололтой.
Үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлын асуудал нь цэнэг хураагуур, цементээс эхлээд химийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, дахин боловсруулсан хүнс зэргийг хамарч байгаа юм.