Ачаалж байна…
Ачаалж байна…
Batkhuu Begz

Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Б.Мөнхдорж Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, профессор Б.Болд-Эрдэнэ судалгаа, шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээг өнөөдөр байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн нөөц баялгийг хамгаалах, биологийн олон янз байдлыг судлах, биологийн нөөцийг тогтоох, нөхөн сэргээх, усны нөөц болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар судалгаа шинжилгээ хийх, холбогдох хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, олон улсын конвенцийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн эрдэм шинжилгээ, сургалт, сурталчилгааны ажлыг хамтран хэрэгжүүлэх юм.
Энэхүү гэрээ нь Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, аялал жуулчлалын салбарын бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутагт тулгамдаж буй байгаль орчин, нийгэм, хүмүүнлэгийн ухааны асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой ажээ.
Ингэснээр төрийн болон эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагаа өргөжиж, судалгаанд суурилсан байгаль хамгааллын менежментийг хөгжүүлэх, байгалийн өв, экосистемийг хамгаалах, тогтвортой аялал жуулчлалыг дэмжихэд бодит хувь нэмэр оруулна хэмээн талууд үзэж байна.
Увс нуур нь Их нууруудын хойд хагаст, Увс аймгийн зүүн хойд хэсэгт оршдог. Талбайн хэмжээгээрээ Монголын хамгийн том буюу 84 км урт, 79 км өргөн, 3350 ам.дөр.км бөгөөд гадагш урсгалгүй тогтмол, далайн давснаас даруй 5 дахин их давстай нуур юм. Далайн түвшнээс дээш 12-15 м, зарим хэсэгтээ 29 м хүрдэг.
Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагил, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том жижиг 38 гол горхи цутгадаг. Нуурын хөвөөнд хужир, давс элбэгтэй, зэгс, дэрс, бут, сөөг, өлөн, шагшуурга, бургас улиас зэрэг ойтой.
Увс нуурын ай савд хун, цаст дэглий, халбаган хошуут, ногтруу, галуу, шар алаг нугас зэрэг 362 төрлийн нүүдлийн шувуу, 72 төрлийн хөхтөн амьтан амьдардаг юм.