Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame2026 Montsame2026

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилт, хөрөнгийн зарцуулалтын талаарх төсвийн хяналтын сонсгол өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын “Соёмбо” танхимд болж байна.
Төсвийн хяналтын сонсгол нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтын ил тод, нээлттэй байдлыг хангах, төсвийн төлөвлөлт, хэрэгжилтэд иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Сонсголыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Ц.Гансүх удирдан явуулж байна.
Тус сонсголд төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бусад иргэдийн төлөөлөл нийт 130 гаруй хүн оролцож байна.
Сонсголын үеэр энэ онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, үр дүн, хөрөнгийн зарцуулалт болон 2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл танилцуулж, оролцогчдын асуултад хариулан, санал солилцож байна.
Энэ үеэр иргэд Мөрөн хотын бүтээн байгуулалт, хот төлөвлөлт, үерийн далан, ногоон байгууламж, хогны асуудал зэрэг сэдвээр өөрсдийн саналаа хэлж хамгийн гол нь төсвийг үр дүнтэй зарцуулах нь чухал гэдгийг онцолж байлаа.
Сонсголыг Нийтийн сонсголын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулж байна.