Ачаалж байна…
Ачаалж байна…
Aidos Shynai

Өлгий, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит X хуралдаан өнөөдөр 67.5 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдаанаар дараах найман асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Үүнд:
Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгох эсэх асуудлаар санал авах тухай;
Аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний жилийн эцсийн хэрэгжилтийн тайланг танилцуулах, 2027 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэн батлах тухай;
Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
Алтай сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэг байгуулах тухай;
Орон нутгийн өмчийн газрын зарим асуудлын талаар;
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай;
Аймгийн сонгуулийн хороог татан буулгах тухай;
2026 оны орон нутгийн төсвийн тодотгол батлах тухай зэрэг асуудал багтаж байна.
Мөн аймгийн ИТХ-ын ээлжит XI хуралдааныг 12 дугаар сарын 3-нд хуралдуулахаар товложээ. Тус хуралдаанаар 2027 оны орон нутгийн төсвийг батлах, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн долдугаар сарын сүүлээр захирамж гарган үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин Е.Зангар уг шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна. Шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл аймгийн Засаг даргад өөр хүнийг нэр дэвшүүлэх, улмаар Ерөнхий сайдад уламжлан томилуулах асуудал хүлээгдэж байгаа юм.