Ачаалж байна…
Ачаалж байна…
Batkhuu Begz

Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Увс аймагт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд ахлах ангийн сурагчдад зориулсан төрөлжсөн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.
Энэ талаар Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир, Увс аймгийн Боловсролын газрын дарга А.Болормаа, “Эрдмийн эхлэл” хувийн сургуулийг үүсгэн байгуулагч Б.Баасанжав нар өнөөдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Гэрээний дагуу “Эрдмийн эхлэл” сургууль 10-12 дугаар ангийн сурагчдад зориулсан төрөлжсөн ахлах сургалтын хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тус хөтөлбөрөөр математик, физик, хими, биологийн хичээлийг гүнзгийрүүлэн судлахаас гадна сурагчдын шинжлэх ухаанч сэтгэлгээ, судалгаа шинжилгээ хийх чадварыг хөгжүүлэх юм.
Мөн англи, япон хэлийг гүнзгийрүүлэн судалж, гадаад хэлний мэдлэг, харилцааны чадвараа сайжруулахын зэрэгцээ олон улсын шалгалтыг орон нутагтаа өгөх боломжтой. Ингэснээр инженер, эмч, судлаач зэрэг шинжлэх ухааны чиглэлээр мэргэших хүсэлтэй сурагчид ахлах ангиасаа сонгосон чиглэлээрээ гүнзгийрүүлэн суралцах нөхцөл бүрдэж байна.
Хөтөлбөрт Увс аймгийн ахлах ангийн сурагчдыг үнэ төлбөргүй элсүүлэх бөгөөд бүртгэлийг энэ сарын 23-25-нд цахимаар авч байна.
Увс аймагт төр, хувийн хэвшил хамтран төрөлжсөн ахлах сургалтын хөтөлбөрийг үнэ төлбөргүй хэрэгжүүлж буй нь сурагчдад сонгосон чиглэлээрээ гүнзгийрүүлэн суралцах, цаашдын мэргэжлээ эртнээс сонгох боломж олгож байгаагаараа онцлог юм.