Ачаалж байна…
Ачаалж байна…
Дэлгэрцэцэг Дээгий

Даланзадгад, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн 2027 оны төсвийн төслийг хуульд заасан хугацаанд боловсруулж, дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын байгууллагад хүргүүллээ.
Төсвийн төслийг боловсруулахдаа иргэдийн оролцоог хангаж, олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгээр гаргасан санал, хүсэлт, зөвлөмжийг тусган ажиллажээ.
Тодруулбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 17-нд аймгийн Иргэний танхимд 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, нийт орлого, зарлага болон орон нутагт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулж, иргэдийн саналыг сонссон байна.
Төсвийн төслийг Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Өмнөговь аймгийн 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэл, “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөртэй уялдуулан боловсруулжээ.
Ингэхдээ хүний хөгжил, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, байгаль орчны хамгаалал, усны нөөцийн менежмент, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, цахим засаглал, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлийг тэргүүлэх зорилт болгон тусгасан байна.
Аймгийн 2027 оны хөгжлийн бодлоготой уялдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд Өмнөговь аймагт 74,3 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт хуваарилахаар төлөвлөжээ.
Тухайлбал, Даланзадгад-Мандалговь чиглэлийн авто замын их засварт 32,9 тэрбум, Мандал-Овоо сум, Улаан нуур чиглэлд хэрэгжүүлэх Онги–Цагаан бургастай төсөлд 17,1 тэрбум, Булган суманд “Их говийн эко хүрээлэн” цогцолбор байгуулахад 2,49 тэрбум төгрөг тусгасан байна.
Мөн боловсролын салбарт Даланзадгад суманд 200, Мандал-Овоо суманд 150 ортой цэцэрлэгийн барилга барих, Ханхонгор сумын эрүүл мэндийн төвийн шинэ барилгыг байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Эдгээр хөрөнгө оруулалт нь зам, тээврийн дэд бүтцийг сайжруулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, усны нөөцийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэж байна.
Төсвийн төсөлд тусгасан бодлого, хөрөнгө оруулалтын арга хэмжээг хэрэгжүүлснээр аймгийн эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьдралын чанар, өрхийн орлогын нэмэгдэлтэй уялдуулах, орон нутгийн хөгжлийг урт хугацаанд тогтвортой хангахад чиглэж буй юм.