Ачаалж байна…
Ачаалж байна…
Нанзад Мөнхнаран

Булган, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтний эртний түүх, нүүдэлчдийн соёл иргэншлийн ул мөрийг газрын хөрснөөс нээн илрүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах хариуцлагатай бөгөөд сонирхолтой мэргэжлийг эзэмшсэн залуу судлаач, Булган аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан Б.Тэгшжаргалтай ярилцлаа.
– Та багаасаа түүх сонирхдог байсан гэсэн. Археологич болох хүсэл тань хэрхэн төрсөн бэ?
-Өнөөдөр бидний амьдарч буй энэ газар нутагт хэдэн зуу, мянган жилийн өмнө хүмүүс хэрхэн амьдарч, бидэнд ямар ул мөр үлдээсэн бол гэсэн сониуч бодол багаас минь төрсөн. Энэ сонирхол, мөрөөдлөө дагаж 2021-2025 онд МУИС-ийн археологич мэргэжлээр суралцаж төгссөн. Анх археологичдыг зөвхөн эртний эд өлгийн зүйл олж илрүүлдэг гэж төсөөлдөг байлаа. Харин суралцах явцдаа олдвор бүрийн цаана нуугдаж буй түүхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлах нь нарийн судалгаа, мэдлэг шаардсан ажил гэдгийг ойлгосон.
-Археологийн малтлага гаднаас харахад олдвор малтан гаргах төдий мэт харагддаг. Энэ мэргэжлийн хамгийн сонирхолтой бас хүндрэлтэй тал нь юу вэ?
-Ном, сурах бичигт хараахан бичигдээгүй түүхийн нууцыг өөрийн гараар нээж, анхлан судлах нь энэ мэргэжлийн хамгийн гайхамшигтай тал. Харин хамгийн их тэвчээр, нямбай байдал шаарддаг ажил. Заримдаа олон хоног, сараар хөдөлмөрлөсөн ч томоохон олдвор илрэхгүй байх үе бий. Гэсэн ч жижигхэн хэлтэрхий хүртэл тухайн үеийн хүмүүсийн амьдралын талаар үнэ цэнтэй мэдээлэл агуулдаг. Тиймээс хөрсний үе давхарга бүрийг нарийн ажиглаж, олдвор бүрийг баримтжуулах шаардлагатай. Мөн олдворыг дангаар нь авч үзэхгүй, олдсон орчин болон бусад дурсгалтай харьцуулан судалдаг. Шаардлагатай тохиолдолд лабораторийн болон радиокарбоны шинжилгээ хийж, он цагийг нь тогтоодог.
-Өөрийн гараар анх удаа түүхэн олдвор илрүүлсэн мөчөө эргэн дурсвал ямар санагддаг вэ?
-Газрын хөрсөн дор олон зуу, мянган жил хадгалагдсан эд зүйл өмнө минь ил гарч ирэх тэр мөч үнэхээр мартагдашгүй. Тухайн үед үүнийг хэн, ямар зорилгоор бүтээж хэрэглэж байсан бол гэх олон асуулт өөрийн эрхгүй төрж, мэргэжлээрээ бахархах, урам зориг авах мэдрэмж төрдөг.
-Булган аймаг археологийн дурсгал, түүхэн өвийн хувьд ямар онцлогтой вэ? Цаашид нарийвчлан судлах шаардлагатай ямар дурсгал бий вэ?
-Булган аймаг нь Хангайн бүс, Орхон голын сав газар болон хойд бүстэй холбогддог тул эртнээс хүмүүс нутаглах таатай орчин байжээ. Энд хүрэл зэвсгийн үеийн буган чулуун хөшөө, дөрвөлжин булш, хиргисүүрээс эхлээд төмөр зэвсгийн үе, Хүннү, Түрэг, Монголын эзэнт гүрний үеийн соёлын ул мөр арвин бий. Ялангуяа Ингэт толгойн дурсгал, дөрвөлжин булш зэрэг эртний булш, хот суурингийн үлдэгдлийг судалгааны шинэ арга зүйгээр өргөжүүлэн, бусад бүс нутгийн дурсгалтай харьцуулан судлах шаардлагатай. Энэ нь Монголын эртний түүхийн бүрэн тайлбарлагдаагүй олон асуудлыг тодруулахад чухал ач холбогдолтой.
-Музейд хадгалагдаж буй олдворуудаас олон нийтэд төдийлөн танигдаагүй ч түүхэн үнэ цэн өндөртэй ямар үзмэрийг онцлох вэ?
-Зөвхөн алт, мөнгөн гоёмсог эд зүйлсийг онцлох нь хангалтгүй. Энгийн ваар савны хагархай, төмөр эдлэлийн үлдэгдэл, ахуйн хэрэглээний жижиг хэрэгслүүд ч тухайн үеийн хүмүүсийн өдөр тутмын амьдрал, хоол хүнс, үйлдвэрлэлийн арга барилыг өгүүлдэг. Заримдаа хамгийн энгийн харагдах олдвор ч Монголын түүхийн нэгэн чухал хуудсыг тайлбарлах түлхүүр болдог тул музейн үзмэрүүдийг судалгааны эх сурвалж гэдэг утгаар нь олон нийтэд таниулах хэрэгтэй.
-Сүүлийн жилүүдэд хүний үйл ажиллагаанаас болж түүхэн дурсгалууд гэмтэх эрсдэл нэмэгдэж байна. Өв соёлоо хамгаалахад иргэд хэрхэн оролцох ёстой вэ?
-Өв соёлоо хамгаалах нь хүн бүрийн нийгмийн хариуцлага. Газар тариалан, уул уурхай, зам бүтээн байгуулалт, аялал жуулчлалын нөлөөгөөр дурсгалууд гэмтэх эрсдэл ихэссэн. Тиймээс иргэд аялахдаа булш, хиргисүүр, буган чулуун хөшөөг хөндөхгүй байх, олдвор таарвал дур мэдэн авалгүй мэргэжлийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэй. Бид түүхээ мэдэж, хайрлаж хамгаалж байж л хойч үедээ бүрэн бүтэн өвлүүлж чадна.
-Таны цаашдын судалгааны зорилго юу вэ?
-Хүрэл зэвсгийн үеэс Хүннү, Түрэг, Монголын эзэнт гүрний үе хүртэлх эртний нүүдэлчдийн түүх, соёлын залгамж холбоог гүнзгийрүүлэн судлах хүсэлтэй. Мөн Булган аймгийн нутаг дахь судалгаа бага хийгдсэн дурсгалуудыг нарийвчлан судалж, бүс нутгийнхаа түүхэн ач холбогдлыг олон нийтэд таниулахыг зорьж байна.