Ачаалж байна…
Ачаалж байна…
Чойжамц Отгонцэцэг

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хойд хилийн төмөр замын гол гарц, ОХУ болон БНХАУ-ыг холбосон олон улсын тээврийн чухал зангилаа болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар төмөр замын боомтоор дамжин өнгөрөх Бээжин–Улаанбаатар–Эрхүү чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн өнөөдрөөс дахин сэргэж байна.
Монгол, Орос, Хятад гурван улсын нийслэл болон томоохон хотуудыг төмөр замаар холбосон энэхүү чиглэл нь зөвхөн зорчигч тээврийн үйлчилгээ төдийгүй улс хоорондын харилцаа, худалдаа, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын хувьд төмөр зам бол хотын үүсэл хөгжил, иргэдийн амьдрал ахуйтай салшгүй холбоотой түүхэн салбар. Одоогоос 30 гаруй жилийн өмнө галт тэрэг иргэдийн гол унаа, тээврийн хэрэгсэл байхын зэрэгцээ Сүхбаатар хотын худалдаа, үйлчилгээ, жижиг бизнес, өрхийн амьжиргаанд бодит хувь нэмэр оруулж байлаа. Олон улсын галт тэрэгний хөдөлгөөн сэргэснээр хил орчмын зорчигчдын урсгал нэмэгдэж, хотын үйлчилгээний салбар болон орон нутгийн эдийн засагт шинэ боломж бий болох хүлээлттэй байгаа.
Эхний ээлжийн галт тэрэг БНХАУ-ын Бээжин хотоос арваннэгдүгээр сарын 25-нд, ОХУ-ын Эрхүү хотоос арваннэгдүгээр сарын 28-нд хөдөлнө. Долоо хоногт нэг удаа аялах бөгөөд Бээжингээс Лхагва гараг бүрийн 07:27 цагт хөдөлж, Пүрэв гарагийн 14:35 цагт Улаанбаатарт, Баасан гарагийн 14:55 цагт Эрхүү хотод хүрэх юм.
Харин Эрхүүгээс Бямба гараг бүрийн 06:58 цагт хөдөлж, Ням гарагийн 06:38 цагт Улаанбаатарт ирэх бөгөөд Даваа гарагийн 14:35 цагт Бээжин хотод хүрнэ. Цагийн хуваарийг тухайн улсын орон нутгийн цагаар тооцсон байна.
Сүхбаатар төмөр замын боомт нь Монгол Улсын хойд чиглэлийн олон улсын төмөр замын тээврийн гол гарцын нэг бөгөөд тус боомтын нэвтрүүлэх чадвар, дэд бүтэц, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь бүс нутгийн эдийн засгийн хөгжилд чухал нөлөөтэй. Энэ утгаараа зорчигч тээврийн хөдөлгөөн сэргэж байгаа нь Сүхбаатар хотын төмөр замын уламжлалт үүрэг, олон улсын тээврийн зангилаа болох байр суурийг дахин тодотгож байна.
Галт тэрэгний цонхоор харагдах Сэлэнгийн тал нутаг, хилийн хотын хөл хөдөлгөөн, төмөр зам дагасан амьдрал ахуй дахин сэргэх цаг ирлээ. Өнөөдрийн энэ сэргэлт маргаашийн илүү хурдтай, тав тухтай, цахилгаан галт тэрэгний үйлчилгээгээр үргэлжилж, Сүхбаатар хотыг олон улсын төмөр замын хөгжлийн шинэ шатанд хүргэнэ.