Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. “Модон барын баримтат өв: Бүртгэл, хадгалалт хамгаалалт ба хүртээмж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын сангийн салбар номын санд эхэллээ.
Хоёр өдөр үргэлжлэх тус эрдэм шинжилгээний хурал нь олон улсаас эрдэмтэн судлаачид, куратор, номын сан болон соёлын өвийн мэргэжилтнүүд нэгэн дор чуулж, модон бар хэвийн баримтат өвийг хадгалж хамгаалах шилдэг сайн туршлага, шинэ тутам гарч ирж буй орчин үеийн технологи, арга зүй болон хамтын ажиллагааны нэгдсэн стратегийн талаарх салбар хоорондын хэлэлцүүлэг хийх боломжийг олгож буйгаараа онцлогтой. Мөн гар бичмэл, модон барын хэвлэмэл ном судрын өвийн судалгааны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болох юм.
Дэлхий дээр модон барын соёл уламжлалтай долоон улс бийгээс олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол, Солонгос, Япон, Герман, Вьетнам гэсэн таван орны төлөөлөл, эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж байна. Тухайлбал, Вьетнамаас ирсэн төлөөлөгчдийн дунд хэдэн үеэрээ модон бар хийж, энэ уламжлалыг өнөөг хүртэл хөгжүүлэн авч явж буй хүмүүс байна. Харин Солонгосын судлаачид модон барыг олон улсын хэмжээнд хэрхэн бүртгэлжүүлэх, хадгалж хамгаалах, модон барын хадгалалтад ямар хүчин зүйлс чухал болох, энэ уламжлалыг цаашид хэрхэн хөгжүүлж, өвлүүлэн үлдээх талаар нарийн мэргэшсэн судалгаа хийдэг эрдэмтэд иржээ. Мөн Японоос ирсэн эрдэмтэн модон барын химийн технологи, хийц, хэлбэр зэрэг асуудлыг нарийвчлан судалдаг аж. Ийнхүү модон барын чиглэлээр төрөл бүрийн нарийн мэргэшсэн эрдэмтэн, судлаачид хүрэлцэн ирж, өөр өөрийн судалгааны үр дүнгээ танилцуулж байна.
Үндэсний номын
сангийн захирал Б.Ичинхорлоо ярихдаа, “Манай номын
санд модон бараар хэвлэсэн олон тооны ном бүтээлээс гадна модон барын хэвүүд ч
хадгалагдан үлдсэн байдаг. Тиймээс бид зөвхөн дэлхийн түүхэнд байлдан дагуулал,
түүхэн үйл явдлаараа тэмдэглэгдсэн улс төдийгүй хэвлэлийн арвин уламжлалтай,
энэ салбарт чухал байр суурь эзэлж ирсэн ард түмэн гэдгээ харуулах нэгэн чухал
соёлын өв нь модон бар юм. Модон бараар хэвлэсэн ном, бүтээлүүдээс
харахад монголчууд мянган жилийн хэвлэлийн уламжлал, түүхтэй ард түмэн болох нь
тодорхой харагддаг. Тиймээс “бар сийлэх”, “бар хатгах” хэмээн нэрлэдэг энэхүү
уламжлалыг хадгалан авч үлдэх нь дэлхийд оршин буй олон өв соёлоос монголчуудыг
ялгаруулах нэгэн онцлог” хэмээн тодотгов.
Мөн тэрбээр, “Олон улсын модон барын холбооны гишүүн орнууд нь зөвхөн модон бараар хэвлэсэн бүтээлийг судалдаг эрдэм шинжилгээний байгууллагаар хязгаарлагдахгүй. Харин модон барын уламжлалыг өнөөг хүртэл хөгжүүлж, өвлүүлэн авч явж байгаа. Үүнийг дэлхийн хэвлэлийн болон соёлын өв, хэл бичиг, үндэсний дархлааны нэг хэсэг хэмээн үздэг улс орнууд юм. Тиймээс энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь зөвхөн олон орны эрдэмтдийг оролцуулж, илтгэл хэлэлцүүлэхээс гадна Монголын модон барын уламжлалыг цаашид хэрхэн хадгалж үлдэх, түүнийг соёлын өв, үндэсний дархлааны нэг хэсэг болгон хойч үедээ хэрхэн өвлүүлэн үлдээх талаар чухал шийдвэр, санал санаачилгууд гаргах ач холбогдолтой хурал болж байна” гэв.
Япон Улсын
Киотогийн их сургуулийн дэд профессор, доктор Такааки Канэко илтгэлдээ, “Модон
барыг ямар зориулалтаар, хэрхэн ашиглаж байсныг тодорхойлохын тулд түүхэн эх
сурвалжуудтай харьцуулан судлах шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн
модон барыг хэрхэн ашиглаж байсан талаарх мэдээллийг түүхэн эх сурвалжуудаас
нягталж, түүнд үндэслэн ямар барыг ямар зориулалтаар хийж, хэвлэлд хэрхэн
ашиглаж байсныг тодорхойлдог. Японы уламжлалаар нэг ном хэвлэхэд маш олон
хуудасны модон бар шаардлагатай болдог. Тиймээс эдгээр модон барыг нэг хүн
дангаар хийх бус, олон хүнд хуваарилан хийлгэдэг уламжлалтай. Тиймээс тухайн
номыг хэвлэхэд ямар хүмүүсийн гарт ямар модон бар байсан бэ гэдгийг түүхэн эх
сурвалжаар нягтлан тогтоох шаардлагатай болдог. Нэг номыг хэвлэхэд модон барыг
олон хүнд хуваарилдаг байсан нь хэд хэдэн шалтгаантай. Үүний нэг гол шалтгаан
нь эрсдэлийг бууруулах явдал байв. Мөн модон баруудыг эзэмшигчид нь бусдад
шилжүүлэх, худалдах тохиолдол ч гардаг байсан. Ингэснээр тухайн бар шинэ
эзэмшигчийн өмч болж, цаашид тэр номыг дахин хэвлэх шаардлага гарвал шилжсэн
эзэмшигчидтэй холбоо тогтоож, шаардлагатай модон баруудыг цуглуулах хэрэгтэй
болдог байна. Энэ мэтчилэн Японд модон бар нь тухайн орны онцлог, уламжлалтай
уялдан өөрийн гэсэн өвөрмөц тогтолцоотой хөгжиж ирсэн. Хятад, Солонгос,
Вьетнам, Монгол зэрэг улс оронд модон барыг тусгай хадгалалтын орчинд хамгаалан
хадгалж байна. Харин Японд одоогоор модон баруудыг нэг дор төвлөрүүлэн хадгалах
тогтолцоо бүрэн бий болоогүй, олон газарт тус тусдаа хадгалагдаж байгаа.
Модон барыг хамгаалахдаа газрын доорх байгууламжаас илүү газрын дээрх,
зориулалтын байгууламжид хадгалах нь зүйтэй. Үүний зэрэгцээ орчны нөлөөллийг
маш сайн тооцох шаардлагатай. Тухайлбал, температур, чийгшил зэрэг үзүүлэлтийг
тогтмол хянаж, зохистой түвшинд барих нь модон барын хадгалалтад чухал ач
холбогдолтой” хэмээн дурдлаа.
Үндэсний номын
сангийн Төвөд сан хөмрөгийн номын санч, Төвөд хэлний орчуулагч, судлаач
Б.Хүрэлцоож хэлэхдээ, "Үндэсний номын санд хадгалж буй модон баруудыг энэ
удаа урьдчилсан байдлаар тоолж бүртгэсэн. Цаашид бар тус бүрээр нь
нарийвчилсан бүртгэл хийнэ. Үндэсний номын сан нь ном, судраас гадна модон
барын арвин баялаг өвийг хадгалж байна. Урьдчилсан байдлаар хийсэн бүртгэлээр
тус санд 2080 гаруй модон бар хадгалж байгаа. Эдгээр модон
барыг агуулга, зориулалтаар нь номын, зурагт, тарнийн, зан үйлийн
бар гэсэн дөрвөн төрөлд ангилан урьдчилсан бүртгэлд хамруулсан. Хадгалалтын нөхцөлийн хувьд модон баруудын ихэнх нь төв
цагаан хөмрөгт хадгалагдаж байна. Гэвч хадгалалтын орчин бүрэн стандартын шаардлага
хангасан гэж хэлэхэд хүндрэлтэй. Цаашид агаарын температур, чийгшлийг тогтмол
түвшинд барих зэрэг хадгалалтын орчныг сайжруулах шаардлагатай байна. Урьдчилсан бүртгэлийн явцад маш
нарийн, нандин агуулга бүхий барууд ч цөөнгүй илэрсэн. Тухайлбал, олон
хуудастай Жадам судрын бар, тамга, битүүмжлэх ёстой холбоотой барууд байна. Мөн
Монголын ахуй, уламжлалтай холбоотой, аянга цахилгаан, мөндөр зэрэг байгалийн
аюулаас хамгаалах, буян хишиг дуудах зэрэг зан үйлтэй холбоотой олон төрлийн
бар урьдчилсан тооллогоор илэрсэн" гэв.
Түүнчлэн хурлын үеэр Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй ховор нандин бар хэвүүдийн дээжээс сонин содон үзэсгэлэн дэглэн хурлын төлөөлөгчид, олон нийтэд толилууллаа. Үүний зэрэгцээ Монголчуудын бар хэвлэлийн өв, түүний төрөл зүйлүүдийг таниулан сурталчлах, судалгааны эргэлтэд оруулах үүднээс “Монгол Улсын Үндэсний Номын сан дахь модон бар” каталог номыг эрхлэн хэвлүүлжээ.








