“Заг” говь цөлийн хөрс хамгаалдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 10:59:23

Манай орны өмнө зүгийн их говь, Их нууруудын хотгор, Шаргын говь, Байдраг голын адагт чийглэг элсэрхэг говь цөлөрхөг нутгуудаар тархан ургадаг заг  нь монгол нутагт ихээхэн ховордсон ургамал юм.

Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумын нутагт ургадаг заг нь 0.4-3 метр өндөртэй салаалсан хатуу иштэй хайрс болон хувирсан навчтай бусад модноос өвөрмөц ургасан байдлыг нь ажиглахад иш мөчир нь махир, үрчлээ нугалаа ихтэй, энд тэндгүй ур булцруутай байдаг. Заг нь элсэрхэг говь цөлийн хөрсийг хамгаалдаг, ган гачигт тэсвэртэй зуу наст ургамал юм. Энэ модлог ургамал зарим газарт тэмээ мал далд орохоор өндөр сайхан ургадаг тул загийн шугуй хэмээн нэрлэсэн байдаг. Загийн мөчир нь эрдэс давс, уураг тос, А амин дэм ихтэй бөгөөд найлзуурыг нь цусны даралт бууруулахад хэрэглэдэг байжээ.
Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сумын төвийн айлууд загийг их хэмжээгээр түүж түлшинд хэрэглэдэг. Заг илчтэй,дулаанаа удаан барьдаг. Сүүлийн жилүүдэд газар нутаг хүчтэй цөлжиж, сумдын удирдлага заг түүхийг хориглосон шийдвэр гаргаад байна. Дээрх гурван сум цахилгааны эх үүсвэртэй болсноор сумын сургууль, эмнэлэг, цайны газрууд загийг машин машинаар ачиж хашаандаа буулгадаг байсан үе одоо цөөрсөн аж.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд