Барилгын зөвшөөрөл олгох явц 9 дахин багасна

Монголын мэдээ | Улс төр
mn_tuul@montsame.mn
2016-02-03 11:27:02

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж,  Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Шинэчилсэн найруулгын төсөл нь 9 бүлэг, 50 зүйлтэй. Хууль батлагдсанаар барилгын салбарын эрх зүйн орчинд тодорхой ахиц гарах бөгөөд барилгын ажлын зөвшөөрөл олгох үйл явцыг хуульд нарийвчлан зохицуулснаар барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааны хугацаа одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуультай харьцуулбал бараг 9 дахин, гарын үсгийн тоог 3.5 дахин багасгасан байхаар зохицуулж буй нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх нэг алхам болно гэж үзэж байгаа юм.  Мөн түүнчлэн барилгын салбарт төрийн үйлчилгээ үзүүлэхэд баримтлах зарчмыг тодорхойлж, зөвшөөрөл олгодог, бүртгэл хийдэг зэрэг төвлөрүүлсэн эрх мэдлээсээ бүрэн татгалзан төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод гэрээгээр шилжүүлэн гүйцэтгүүлэх юм. Мөн хяналтын тогтолцоог хөндлөнгийн олон нийтийн болгох зорилтыг тусган боловсруулжээ.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд асуулт асууж, санал хэлсний дараагаар санал хураалт явуулахад 84,6 хувь нь "Хэлэлцэх нь зүйтэй" гэж үзлээ.

Б.Туул

Холбоотой мэдээ