“Amnesty International” байгууллага Аун Сан Су Жид олгосон шагналаа буцаахаар боллоо

Дэлхийн мэдээ | Нийгэм
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-14 11:17:11
twitter.com/Nyamkanmk

МЬЯНМАР. /CNN/. Мьянмарын хүний эрхийн төлөө тэмцэгч Аун Сан Су Жи өмнө нь тэмцэж байсан үйл хэргээ орхиж, ичгүүртэйгээр урвасан учир “Amnesty International” байгууллагын дээд шагналыг хураахаар боллоо гэж Их Британид төвтэй тус байгууллагын тэргүүн мэдэгдлээ.


“Amnesty International” байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Куми Найду шагналыг хурааж буйгаа Аун Сан Су Жид захидал илгээж, мэдэгдсэн байна.


Тэрбээр уг захидалдаа, “та цаашид итгэл найдвар, эр зориг, хүний эрхийн төлөөх тэмцлийн бэлгэ тэмдэг байхаа больсонд бид харамсаж байна. Тиймээс манай байгууллага таныг цаашид “Сайн санааны элч” шагналын эзэн гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй боллоо. Шагналыг буцаахаар болсон гүнээ харамсаж байна” гэж бичжээ.


Үүнээс гадна “Amnesty International”  байгууллага хэвлэлийн бага хурал хийх үеэрээ Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Жи нь Мьянмарын хүний эрхийг хамгаалах үйл хэрэгт өөрийн улс төрийн эрх мэдэл, ёс суртахууныг ашиглаагүй гэж түүнийг буруушаасан билээ.


Нэгэн цагт олон улсын хүний эрхийг хамгаалах үйл хэргийн бэлгэ тэмдэг байсан Аун Сан Су Жи лалын шашинт рохинжа үндэстнүүдийг хоморголон устгах үйл ажиллагааны эсрэг тэмцээгүйн улмаас олон улсын нэр хүнд бүхий шагналуудаа ээлж дараалан алдаж байна.


Өмнө нь Нобелийн хороо мөн Аун Сан Су Жид олгосон Нобелийн энх тайвны шагналаа хураах эсэх асуудлаар зөвлөлджээ. Мьянмарт ажилласан НҮБ-ын баг тайландаа лалын шашинт рохинжа үндэстнүүдийг олноор нь хоморголон устгах үйл хэрэгт Мьянмарын цэрэг арми оролцсон бөгөөд Засгийн газар үндэстний цөөнх, лалын шашинт рохинжа нарыг үзэн ядах суртал ухуулга түгээсэн гэж онцолсон юм. Үүнтэй холбогдуулан Нобелийн хороо 1991 онд Аун Сан Су Жид олгосон шагналаа буцаах асуудлыг хөнджээ.

Холбоотой мэдээ