Жан Шянчөнь: Дэлхийн Худалдааны байгууллагад өөрчлөлт, шинэчлэлт хэрэгтэй

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-11-22 17:09:30

БЭЭЖИН /МОНЦАМЭ/.БНХАУ-аас Дэлхийн Худалдааны байгууллагад /ДХБ/ суух байнгын төлөөлөгч Жан Шянчөнь нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Дэлхийн Худалдааны байгууллага өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй. Өөрчлөлт нь хамгаалах бодлого болон нэг талыг баримталсан бодлогыг эсэргүүцэж, дэлхийн худалдааг илүү чөлөөтэй, хөрөнгө оруулалтыг хялбаршуулж, үл ялгаварлан гадуурхах, ардчиллыг бүх талаар дэмжих зэрэг зарчмуудыг зайлшгүй тусгасан байх ёстой” хэмээн онцолжээ. Тэрээр мөн хэлэхдээ “Олон улсын аливаа байгууллага тухайн цаг үетэйгээ нийцсэн өөрчлөлт шинэчлэлтийг аажмаар хийх шаардлагатай. Одоогийн тулгамдаж буй гол асуудал бол нэн даруй ДХБ-ын маргааныг шийдвэрлэх механизмын хэвийн үйл ажиллагааг бий болгох, загас агнуурын аж ахуйн нөхөн олговрын хэлэлцээрийг шийдвэрлэх, цахим худалдаа, хөрөнгө оруулалтыг хялбаршуулах, жижиг дунд аж ахуйн нэгжүүд зэрэг салбаруудад ахиц гаргах явдал болоод байна. Өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд ДХБ өөрийн гишүүн хөгжилтэй орнуудын олон зуун сая доллараар хэмжигдэх хөдөө аж ахуйн нөхөн олговорыг бууруулсангүй. Цахим худалдаа зэрэг дэвшилтэт технологиуд дэлхийн зах зээд ихээхэн хөгжиж байгаа өнөө цагт ДХБ-ын зүгээс олон улсын хууль дүрэм, журмаар хангаж чадахгүй байна. Үүнээс гадна өнөөдөр бид хамгаалах бодлого болон нэг талыг баримталсан бодлоготой нүүр тулсан ч үр дүнтэй арга хэмжээ авч чадахгүй байсаар байна. Тиймээс ДХБ-д өөрчлөлт, шинэчлэлт зайлшгүй шаардлагатай” гэв.Одоогийн байдлаар БНХАУ, Европын холбоотой хамтран ДХБ-ын өөрчлөлт, шинэчлэлийн асуудлаар өндөр дээд хэмжээний ажлын хэсэг байгуулаад байгаа талаар хэллээ. Тус ажлын хэсгийн зүгээс давж заалдах байгууллагын өөрчлөлт, шинэчлэлтийн талаар хамтарсан төсөл боловсруулаад байгаа юм байна. Мөн илүү өргөн хүрээнд ДХБ-ын өөрчлөлт, шинэчлэлтийн талаарх хэлэлцүүлгийг эхлүүлэх аж. Тун удахгүй Хятад улсын зүгээс өөрийн дэвшүүлж буй ДХБ-ын өөрчлөлт, шинэчлэлтийн төслийг танилцуулах ажээ.


А.Анхбаяр

 

           

 

Холбоотой мэдээ