Ж.Батзандан: Өнөөдрөөс эхлэн АН бүлэггүй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-12-03 15:08:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд: АН хууль, төрийг хүндэлдэг нам. 1990 оноос эхлэн би энэ намд үзэл бодлоороо нэгдэж өдий хүртэл тууштай явж ирсэн. Гэтэл өнөөдөр нэг хүний дарангуйллын нам болж хувирав. Өнөөдөр олон нийт, сонгогчид ард түмнийхээ хүсэл эрмэлзлийг хүндэтгэн санал өгсний төлөө намаас нэр дэвших эрхээ хязгаарлуулж байгаад харамсаж байна. Үндсэн хуулийн дээр намын дүрэм байх ёсгүй. Энэ шийдвэрийг  бүлэглэлийн нэг хэрэгсэл гэж дүгнэж байна. Ард түмнийхээ эрх ашгийн  төлөө үндсэн хуулиа намын шийдвэрээс би илүүд үзсэн. Тиймээс АН-ын бүлгээс гарч буйгаа албан ёсоор мэдэгдье. Би энэ хэдэн хоногт маш их дарамт, гүтгэлэгтэй нүүр тулсан. Гэсэн хэдий ч  монголынхоо нийт сонгогчдын төлөө  шударга талд зогссон. Надад эрх ашгийн зөрчил байхгүй. Энэ бүхнийг цаг хугацаа харуулна. АН-д шинэчлэлийн хөдөлгөөнийг өрнүүлнэ.  

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Хэн нэгэнд хамаатуулж намайг гүтгэхээ болимоор байна. Малчны асуудлыг хөндвөл ахынхаа талд орж байна гэх үү.  Ж.Батзандан гэдэг хувь хүн өөрийн тархи, зүрхтэй. Улс төрч хүн үндэсний эрх ашгийн үүднээс томоор харж байх ёстой. Намайг хөөсөн учир би АН-аас гарч буйгаа мэдэгдье. Өнөөдрөөс эхлэн АН бүлэггүй боллоо. Намайг Монгол Улс хөөгөөгүй тул эх нутагтаа би ажиллаж, амьдарна. УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл болохоос биш улс төрийн шийдвэрийг гүйцэтгэгч нь биш. Би  Монгол Улс, ард түмэндээ  өртэй.  Үндсэн хууль болон нийт иргэдийн эрх ашгийн төлөө  тэмцсээр байх болно.

Холбоотой мэдээ