Төвбанк төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах арга хэмжээ авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-12-07 19:12:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын санхүүгийн зах зээл дэх ам.долларын өгөөж нэмэгдсэн, дотоодын эдийн засагт үүсээд буй түр зуурын шинжтэй хүчин зүйлсээс шалтгаалан сүүлийн үед төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах хандлага ажиглагдах болсон.

Төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор Монголбанк энэ оны 2 дугаар хагаст нийт 1.0 тэрбум ам.долларыг нийлүүлсэн бөгөөд 11 дүгээр сар гарснаас хойш нийт 375 сая ам.долларыг захад нийлүүлээд байна. Улмаар өнгөрсөн 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш тасралтгүй сулраад байсан төгрөгийн ханш 12 дугаар сарын 05-ны өдөр 5.02 төгрөгөөр чангарсан байна.

Түүнчлэн хэрэглээний зээлийг хязгаарлах зорилгоор хэрэглээний зээлийн хугацааг 30 хүртэл сар болгох, хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг 70 хувиар тогтоох, валютын зээлийн эрсдэлийн жинг нэмэгдүүлснээр банкуудын гадаад валютаар зээл олгох сонирхлыг бууруулах, бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлэн, 11 хувьд хүргэснээр төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээ аваад байгааг Төвбанкнаас мэдээллээ.

Холбоотой мэдээ