Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийг томилохыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-01 13:09:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас Б.Идэрчулууныг нэр дэвшүүлсэн байна. Нэр дэвшигч Бадамцоогийн Идэрчулуун нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй, төрийн албанд 18 жил ажилллаж байгаа аж. Тэрбээр цэргийн тусгай шүүхэд нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, шүүгч, дүүргийн шүүхийн шүүгч, Төрийн албаны зөвлөлд шинжээч, ахлах шинжээчээр ажиллаж иржээ. Харин 2011-2013 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн референт, 2017 оноос тус зөвлөлийн Ажлын албаны дэд даргаар ажиллаж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм.

Энэ сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлсэн Төрийн албаны тухай хуульд тус зөвлөлийн хоёр гишүүнийг төрийн албан хаагчдаас сонгон шалгаруулж, томилохоор заасан. Энэ хүрээнд “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс”-оос зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй нэр дэвшигчдийг энэ сарын 17-нд бүртгэсэн бөгөөд нийт найман хүн нэр дэвшжээ. Үүнээс УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Зүмбэрэллхам хамгийн өндөр буюу 113.10 оноо, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайхан 89.78 оноо авчээ. Нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэгтэй. Аймгийн цагдан сэргийлэх ангид мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Цагдаагийн академид багш, арга зүйч, сургалтын албаны дарга, тэргүүн дэд захирал, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, Төрийн албаны зөлөлийн дарга, Монгол Улсаас БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байжээ.

Харин нэр дэвшигч Д.Баатарсайхан нь соёл судлаач, соёлын ажилтан, төрийн удирдлагын менежер, арга зүйч мэргэжилтэй, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй. 2002 оноос Төрийн албаны зөвлөлд референт, ахлах референт, Ажлын албаны даргаар ажиллаж байгаа гэдгийг “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс”-ын дарга, УИХ-ын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал танилцуулсан юм.

Ингээд санал хураахад байнгын хорооны гишүүдийн олонх нэр дэвшигчдийг дэмжлээ. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоог үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг дэмжиж, чуулганд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ