Торонд орсон 400 гаруй загасыг нууранд нь буцаан тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-02-27 11:14:55

Ховд /МОНЦАМЭ/ Хар ус нуур орчмын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас Хар нуур, Хар-Ус нууранд хууль бусаар загас агнуур  хийхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор байнгын хяналт шалгалт хийж байна. Энэ хүрээнд Хар нуур, Хар-Ус нууранд хоёрдугаар сард хийсэн хяналт шалгалтаар хууль бусаар загас барих зорилгоор тавьсан 27 ширхэг торыг илрүүлэн татаж, торонд орсон байсан 400 гаруй загасыг нууранд нь буцаан тавьсан байна.

Мөн Хар ус нуур орчмын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа нь Шинжлэх ухаан Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн усны нөөц ашиглалтын салбарын загас судлаач Б.Мэндсайхантай хамтран Хадран загасны үржил, шилжилт хөдөлгөөнийг тандах зорилгоор өнгөрсөн оны 4 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцал буюу Ховд голд хадран загасанд дугаар бүхий T bar тэмдэглэгээ зүүсэн юм. Тэгвэл энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Хар ус нууранд хууль бусаар тавьсан торонд 2152 дугаар бүхий /T bar/ тэмдэглэгээтэй Монгол хадран загас орсон байсныг баталгаажуулан, тухайн газрын солбицлыг тодорхойлж, нууранд нь буцаан тавьжээ.

                                                                                                                  Н.Лхагва 


Холбоотой мэдээ