БНХАУ-ын сөнөөгч онгоцнууд Тайванийн агаарын орон зайд нэвтэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-01 12:35:16

ТАЙПЕЙ. /Anadolu/. БНХАУ-ын хоёр сөнөөгч онгоц Тайванийн агаарын орон зайд нэвтэрснийг тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газар буруушаасан байна. 


Тайванийн Батлан хамгаалахын яамны мэдээлснээр, өнгөрсөн ням гарагт “Шэньян J-11” сөнөөгч онгоцнууд Тайванийн хоолойн зурвасыг давж, өглөөний 11 цагийн орчимд агаарын орон зайд нь нэвтэрсэн аж. Үүний хариуд Тайванийн зүгээс сөнөөгч онгоцнуудыг илгээсэн боловч БНХАУ-ын онгоцнууд тун удалгүй буцан нисжээ.


Өмнө нь БНХАУ-ын цэргийн нисэх онгоц уг зурваст ойртон ирсэн тохиолдол гарч байсан хэдий ч давсан тохиолдол маш ховор гарч байжээ.


Тайванийн Ерөнхийлөгчийн тамгын газраас ням гарагийн орой хийсэн мэдэгдэлд энэ үйлдлээ зогсоохыг Бээжинд уриалсан байна. Түүнчлэн уг үйлдлийг бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдалд заналхийлсэн “өдөөн хатгалга” хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, энх тайванд аюул занал учруулж байна гэж мэдэгджээ.


Энэ онд АНУ-ын тэнгисийн цэргийн усан онгоцнууд Тайванийн хоолойгоор сар тутам нэвтэрсэн байна.


Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, 27 жилийн хугацаанд анх удаа Тайваньд сөнөөгч онгоц худалдаалах асуудалд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нааштай хандаж байгаа аж.


Д.Трампын засаг захиргаа Тайвань дахь оролцоогоо нэмэгдүүлж байгааг БНХАУ эсэргүүцэж, сөнөөгч онгоцнуудаа илгээсэн байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. 

Холбоотой мэдээ