Туркийн нийслэлд сөрөг хүчин ялалт байгуулах төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-01 13:09:59

АНКАРА. /BBC/. Туркийн орон нутгийн сонгуулийн үр дүнг зарлах цаг ойртож буй энэ үед нийслэл Анкара хотод сөрөг хүчин ялалт байгуулах төлөвтэй байна.


Саналын 91.4 хувийг тоолсон байдлаар Анкара хотод сөрөг хүчин буюу Бүгд найрамдах ардын намаас хотын даргын суудалд нэр дэвшигч ялалт байгуулсан тухай намын төлөөлөгчид олон нийтэд хэдийнэ мэдэгдээд байна.


Харин эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын мэдээлснээр, тус нам нь Истанбул хотод нэг хүрэхгүй хувиар ялалт байгуулах төлөвтэй байгаа ажээ.


“Алдаа дутагдал байхгүй байсан ч үүнийг засах нь бидний үүрэг. Маргааш өглөөнөөс бид дутагдлаа олж мэдэх ажлыг эхлүүлж, засаж залруулах болно” гэж Ерөнхийлөгч Р.Эрдоган хэлсэн байна. Гэсэн хэдий ч тэрбээр өөрийн Шударга ёс, хөгжлийн нам олонхийн суудлыг авна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.


Истанбул хотод Шударга ёс, хөгжлийн намаас нэр дэвшигч 48.51 хувийн санал авсан бол Бүгд найрамдах ардын нам 48.65 хувийн санал авсан байна. Гэвч тоолоогүй саналын хуудсууд байгаа ажээ. Харин сөрөг хүчний нэр дэвшигч хэлэхдээ, бид Истанбулд ялалт байгуулсан нь тодорхой байна гэжээ.


Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед болж буй хотын дарга нар болон зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуульд 57 сая гаруй хүн саналаа өгсөн байна. 

Холбоотой мэдээ