А.Ганбаатар Азийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдов

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-04-08 08:38:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-ны 29 дүгээр их хурал өнгөрсөн бямба гарагт Малайз улсын Куала-Лумпур хотод болж МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар АХБХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо.


АХБХ, МХБХ-ны үйл ажиллагаа, зөв зүйтэй бодлогыг өндөр үнэлж А.Ганбаатарыг энэ хариуцлагатай албанд сонгож ийнхүү итгэл хүлээлгэсэн байна.

МХБХ сүүлийн жилүүдэд Азийн холбоодтой ажил үйлсээрээ өрсөлдөж, 2018 онд Япон, БНАСАУ-ын хөлбөмбөгийн холбоодтой зэрэгцэн шагналын тавцанд гарч, АХБХ-ны "Өсөх ирээдүйтэй холбоо"-гоор шалгарсан. Бүх насны эрэгтэй шигшээ багууд, эмэгтэйчүүдийн хөлбөмбөг, футзал, лигийн систем, орон нутгийн хөлбөмбөг, тоглогч, дасгалжуулагч, шүүгчийн боловсрол, нийгмийн хариуцлага, тусгай олимп гээд хөлбөмбөгийн хүрээний бүх төлөөлөлд хүрч ажиллах зорилт дэвшүүлсэн МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар АХБХ-ны дэд ерөнхийлөгч болсон нь Монголын хөлбөмбөгийн хөгжилд том хувь оруулах нь гарцаагүй.


Дашрамд дуулгахад, МХБХ өдгөө Герман дасгалжуулагч Майкл Вайсс, Румын улсын иргэн, хаалгачийн дасгалжуулагч Драгош Плопеану, Техникийн захирал Тунис улсын иргэн Хатем Соусси, дасгалжуулагчийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Словак улсын иргэн Растислав Бозик, 16-19 насны охидын шигшээ багийн дасгалжуулагч Япон улсын иргэн Рио Наоко Кавамото гэсэн дэлхийн хэмжээний мэдлэг боловсролтой мэргэжилтнүүд Монголд ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ