Чөлөөт бөхийн охидын баг АНУ-д хүрэл цомын эзэд болжээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-04-15 15:48:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын чөлөөт бөхийн охидын “Wyoming Seminary” клубын нэрэмжит “SEM WORLD DUALS” залуучуудын багийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 13-нд Пеннсильвани мужийн Кингстон хотноо болж, манай охидын баг гуравдугаар байр эзэлжээ.


Манай улсаас спортын мастер Н.Анударь, Б.Энхзул, Т.Цээням, Б.Хонгорзул, Ө.Пүрэвсүрэн, Ц.Хулан, Д.Цогзолмаа нарын бүрэлдэхүүнтэй баг оролцсон байна. Тэмцээнд найман баг өрсөлдсөн бөгөөд манай бөхчүүд хэсгийн барилдаанд зохион байгуулагч “Wyoming Seminary” клубт 5:6-гаар хожигдож, Финланд, Эстонийн тамирчидтай холимог багийг 6:2-оор, Нью-Жерси мужийн багийг 7:4-өөр ялснаар хоёрдугаар байраар шалгарсан.


Улмаар гуравдугаар байрын төлөөх барилдаанд Канадын охидыг 6:5-аар хожиж хүрэл цомын эзэд болжээ. Манай баг тамирчдыг Сэлэнгэ аймгийн дасгалжуулагч Д.Энхбат дасгалжуулсан бол олон улсын шүүгч А.Дарханбаатар тэмцээнд шүүгчээр ажилласан хэмээн Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Холбоотой мэдээ