Төвийн бүсийн хурдан хүлгүүд өнөөдөр шандас хурдаа сорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-12 18:31:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төвийн бүсийн өнөөдөр болсон /2019.05.12/ хурдан морины уралдааны их насны морьдоос Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Нийслэлийн алдарт уяач Одгэрэлийн Рэнцэнжүгдэрийн төгс бор түрүү магнайд хурдаллаа.


Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Монгол Улсын Тод манлай уяач Т.Галбадрахын бор морь аман хүзүүд, Төв аймгийн Дэлгэрхаан сумын уяач Шаравын Мөнгөншагайн зээрд халзан айргийн гуравт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Аймгийн алдарт уяач Т.Ууганбаярын халтар айргийн дөрөвт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Занабазарын Батбаярын хээр айргийн тавд тус тус хурдалж торгон жолоогоо өргүүллээ.


Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ноос зохион байгуулж буй энэхүү Төвийн бүсийн хурдан морины уралдааныг тус холбооны үүсгэн байгуулагч, санаачлагдын нэг Г.Пунцагбалжир агсны нэрэмжит болгосон юм. Их насны морьдын уралдаанд 117 хүлэг бүртгэгдсэнээс сэрвээний өндрөөр 15 морь хасагдаж, өөрсдийн саналаар 5 морь уралдалгүй үлдэж, 97 хүлэг гарааны зурхайгаас гарч хурд, шандас хүчээ сорилоо.


Их насны морьд 18 км-ийн зайд уралдсан бөгөөд уралдаанч хүүхэд, удамт хурдан хүлгүүд ийнхүү мэнд сайхан уралдаж үзэгч олноо баясгалаа.

Холбоотой мэдээ