Трамп: Ким Жөн Унд талархлын захидал илгээсэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-06-26 09:35:19

ВАШИНГТОН. /Yonhap/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны төрсөн өдрийн баярын мэнд хүргэсэн захидлын хариуд талархлын захидал илгээсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.


АНУ-ын Ерөнхийлөгчийг “The Hill” сонинд ярилцлага өгөх үеэр Ким Жөн Уны захидлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэхэд тэрбээр ийнхүү хариулсан байна.


“Хэрэв та бүхэн үнэнийг мэдэхийг хүсэж байгаа бол Ким Жөн Ун надад төрсөн өдрийн мэнд хүргэсэн сайхан захидал илгээсэн” гэж Д.Трамп хэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч зургадугаар сарын 14-нд 73 нас хүрсэн юм.


Мөн хариу захидлын талаар лавлахад тэрбээр, би түүнд талархлын захидал илгээсэн гэж хариулсан боловч захидлын бусад агуулгын талаар мэдээлэл өгөөгүй байна. Гэсэн хэдий ч харилцан захидал илгээсэн нь БНАСАУ-ыг цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс ангижруулах хэлэлцээ үргэлжилнэ гэдгийг илтгэж байгаа юм.


Өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамд зохион байгуулсан Трамп-Кимийн хоёр дахь дээд хэмжээний уулзалт хэлэлцээргүй өндөрлөснөөс хойш хоёр талын хэлэлцээ зогсонги байдалд орсон юм.


“Ким Жөн Ун Д.Трампаас сайхан агуулга бүхий захидал хүлээн авсан” гэж БНАСАУ-ын төв цахилгаан мэдээний агентлаг өнгөрсөн ням гарагт мэдээлсэн билээ. 

Холбоотой мэдээ