Урианхай сурын УАШТ маргааш багийн харваагаар эхэлнэ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-06-27 13:23:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Урианхай сурын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ маргааш /2019.06.28/ Улаанбаатар хотын Сурын талбайд эхэлнэ.


Энэхүү тэмцээнд оролцохоор манай орны нутаг бүрээс ирсэн 300 орчим харваач цэц мэргэнээ сорино. УАШТ багийн харваагаар эхлэх бөгөөд нэг баг дасгалжуулагчийн хамт нийтдээ 12 хүнтэй байх бөгөөд энэ удаа зарим аймаг, клубүүд 2-3 багтай оролцох юм байна.


Цуваа харваа буюу ганцаарчилсан харвааны тэмцээн ирэх ням гарагт болно. Уг төрөлд 30 сум харваж, 22, 23 оносон харваачид спортын дэд мастер, 24-өөс дээш оносон харваач спортын мастер цол, түрүүлсэн нь Улсын аварга харваач цол хүртдэг дүрэмтэй.


Дашрамд сонирхуулахад, Урианхай сурыг зөвхөн эрчүүд харвадаг. “Дайн байлдааны төрлөөс хамгийн анх тоглоом наадмын төрөл болж үүссэн өвөг сур" хэмээн судлаачид онцолдог. Харвах зайны хувьд 40 метрт хоёр өтвөгийн дундах 350 грамм цул суран байг онож арын өтвөгийг давуулснаар оноонд тооцно. Онох бай нь хүнд учраас нь нумны хувьд хатуу тэр хэрээр харваачийн эрхий хурууны цэц, идийг шаарддаг аж. Мөн урианхай сурыг нумт зэвсгийн анхны төрөл болох хавчаахай нум болон эвэр нумаар харвадаг байна.

Холбоотой мэдээ