Боулингийн лигийн тэмцээний эхний тойрог өндөрлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-07-01 15:21:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боулингийн спортын чансаа өндөр тамирчдын лигийн “Big bowling friendship-2019” тэмцээний нэгдүгээр тойрог өнгөрсөн бямба гарагт өндөрлөв.


Монголын боулинг сонирхогчдын холбоо /МБСХ/-ноос дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй тус тэмцээнд энэ удаа 10 багийн 40 тамирчин (эрэгтэй 30, эмэгтэй 10) оролцож байгаа юм. Эрэгтэй ганцаарчилсан төрлийн нэгдүгээр байранд “Big bowling” клубийн Б.Оюунболд, хоёрдугаар байранд “Brain box” компанийн тамирчин Б.Мөнх-Эрдэнэ, гуравдугаар байранд “Winners” клубийн Ц.Оюунжаргал нар шалгарлаа. Энэ төрлийн тусгай байрын шагналыг “Winners” клубийн тамирчин Х.Хишигбат авсан юм.


Эмэгтэй ганцаарчилсан төрлийн аваргаар “Strikes” клубийн Т.Долгормаа тодорч, мөнгөн медалийг “Strikes” клубийн Ш.Гэрлээ, хүрэл медалийг “Winners” клубийн Э.Хунтогос, тусгай байрын шагналыг залуу тамирчин Э.Индра хүртлээ.


Багийн төрөлд алтан медалийг Ж.Цэвэгмэд ахлагчтай баг, мөнгөн медалийг Ж.Содномдорж ахлагчтай баг, хүрэл медалийг Д.Отгонжаргал ахлагчтай баг хүртэж, тусгай байрын эзнээр Б.Оюунболд ахлагчтай баг тодорлоо.


Тэмцээний шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр эрчүүдээс “Big bowling” клубийн Б.Оюунболд (226 оноо), эмэгтэйчүүдээс “Winners” клубийн Э.Хунтогос (196 оноо) нар шалгарлаа. Нэгдүгээр тойрогт баг, тамирчин бүр 15 тоглолт гүйцэтгээд авсан онооныхоо эрэмбээр зонд хуваагдан шалгарсан багууд хасагдах журмаар тоглож аваргаа тодруулсан.


“Big bowling friendship” лигийн тамирчдын шагналын санг тамирчдын өгсөн хураамжаас бүрдүүлж, шилэн дансны аргаар зарцуулдаг бөгөөд энэ удаагийн тойргийн шагналын сан 2 сая 705 мянган төгрөг байлаа. Лигийн тэмцээн зуны хоёр сар завсарлаад есдүгээр сараас үргэлжилнэ хэмээн МБСХ-ноос мэдээллээ.

Холбоотой мэдээ