Үндэсний Их баяр наадамд барилдах бөхчүүдээ бүртгэж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний Их баяр наадмаар хүчийг үзэн, уран мэхийг уралдуулан барилдах бөхчүүдийг өнөөдрөөс Бөхийн өргөөнд бүртгэж эхэллээ.
Төв цэнгэлдэх хүрээлэнд зодоглох 512 бөхийг өнгөрсөн жил МҮБХ-ны маргааны улмаас Спортын төв ордонд бүртгэж байсан билээ. Харин энэ жил Үндэсний Их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооноос бөхчүүдийн бүртгэлийг ийнхүү Бөхийн өргөөнд хийхээр болжээ. Бүртгэл өнөөдөр, маргааш 10:00-18:00 цагийн хооронд болох юм.
Улсын наадамд барилдах бөхчүүд цолны үнэмлэх, хоёр хувь цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд бөхчүүд гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх шаардлагатай юм байна.
Үндэсний Их баяр наадамд өсвөрийн 128 бөхийн барилдаан уламжлал ёсоор болох бөгөөд
барилдах хөвгүүдийг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд бүртгэнэ.